2025 оны долоодугаар сарын 11-ний өдөр Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Энэ удаагийн нээлтийн үйл ажиллагаанд 2500 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд монгол түмний өв соёл, үнэт зүйл, бахархал, итгэл үнэмшлийг илтгэсэн агуулгатайгаар зохион байгуулагдав. Тоглолтын найруулга, дэглэлт, утга санаанд монгол ухаан, уламжлалт гоо зүй шингэсэн байв.
Нээлтийн болон хаалтын уран сайхны тоглолт нь “Мөнхөд гэрэлтэх Монгол” сэдвийн хүрээнд бэлтгэгдсэн бөгөөд монгол хүний ёс заншил, сэтгэлгээ, түүхэн бахархлыг илэрхийлсэн долоон үндсэн хэсгээс бүрджээ.
Энэхүү уран сайхны тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан бөгөөд наадмын уур амьсгалыг илүү өргөн цар хүрээтэйгээр мэдрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв.
Наадамчин олон өнөөдөр орой 21:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд энэхүү уран сайхны тоглолтыг дахин үзэх боломжтой.

