2025 оны 12-р сарын 10-наас эхлэн Австрали улс сошиал медиагийн платформуудад 16-аас доош насны хүүхдүүдийн бүртгэл үүсгэх, ашиглахыг хориглох шинэ журам мөрдүүлэх гэж байна. Энэ нь дэлхийд анх удаа хэрэгжих бодлого бөгөөд хүүхдүүдийг сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготой.
Хориг ямар зорилготой вэ?
Засгийн газар энэхүү хоригийг хэрэгжүүлэх болсон нь хүүхдүүдийг сошиал медиад цаг хугацаа алдаж, хортой контентод өртөхөөс сэргийлэхтэй холбоотой. Судалгаагаар 10-15 насны хүүхдүүдийн 96 хувь нь сошиал медиа хэрэглэдэг бөгөөд тэдний 70 хувь нь дараах сөрөг нөлөөтэй тулгарсан байна:
- Хүйсийн ялгаварлалыг сурталчилсан материал
- Зодоон, хүчирхийллийн бичлэг
- Хоолны дуршил алдагдуулах, амиа хорлоход уриалсан контент
- 7 хүүхэд тутмын 1 нь насанд хүрэгчид болон ахлах насныхны зүгээс бэлгийн шинжтэй харилцаанд уруу татагдах үйлдэлтэй тулгарсан
- Хүүхдүүдийн тал хувь нь кибер дарамтад өртөж байсан
Ямар платформууд хамрагдаж байна вэ?
Эхний ээлжинд 10 платформт хориг үйлчилнэ. Үүнд:
- TikTok
- X (хуучнаар Twitter)
- Snapchat
- Threads
- YouTube
- Kick
- Twitch
Харин YouTube Kids, WhatsApp, Google Classroom зэрэг платформууд нь хэрэглэгч хоорондын харилцан оролцооны гол зориулалттай бус гэж үзсэн тул жагсаалтад ороогүй.
Онлайн тоглоомын платформууд болох Roblox, Discord гэх мэтийг жагсаалтад оруулах шаардлагыг олон нийт тавьж байгаа бөгөөд эдгээр нь одоогоор нас шалгах нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Хэн хариуцлага хүлээх вэ?
Эцэг эх, хүүхдүүд биш, харин сошиал медиа компаниуд хариуцлага хүлээнэ. Журам зөрчсөн тохиолдолд тухайн компанид 49.5 сая австрали доллар хүртэлх торгууль оногдуулна.
Тэд “зүй ёсны арга хэмжээ” авах ёстой бөгөөд үүнд:
- Засгийн газрын бичиг баримтаар баталгаажуулах
- Царай, дуу хоолой таних технологи
- Насны таамаглалд тулгуурласан алгоритм ашиглах зэрэг багтана
Харин зөвхөн хэрэглэгч өөрийн насны талаарх мэдээлэл оруулах, эсвэл эцэг эхийн баталгаа өгөх зэргийг хүлээн зөвшөөрөхгүй.
Meta (Facebook, Instagram, Threads) компани 12-р сарын 4-нөөс эхлэн өсвөр насныхны бүртгэлийг хаана гэдгээ мэдэгдсэн бөгөөд насанд хүрсэн гэдгээ батлахын тулд төрийн бичиг баримт эсвэл видео селфи ашиглаж болно гэжээ.
Энэ ажиллах уу?
Шинэ журам үр дүнтэй хэрэгжих эсэх нь тодорхой бус байна. Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нас тодорхойлох технологиуд яг л энэ зорилтот бүлэгтээ хамгийн сул ажилладаг. Мөн 49.5 сая долларын торгууль том компаниудын хувьд бага хэмээх шүүмжлэл ч гарсан.
Жишээлбэл, Meta компани 50 сая долларыг дөнгөж хоёр цаг орчимд олдог гэж өмнөх гүйцэтгэх захирал нь дурджээ.
Мөн зарим шүүмжлэгчид энэ хориг нь хүүхдүүдийг интернетийн харанхуй хэсэг рүү түлхэх эрсдэлтэй, нийгмээс тусгаарлах сөрөг үр дагавартай хэмээн үзэж байна. Сурган хүмүүжүүлэх, сошиал орчинд аюулгүй байж сурахад чиглэсэн боловсрол илүү үр дүнтэй гэж үзэж буй хүмүүс ч бий.
Хувийн мэдээллийн аюулгүй байдал
Нас тодорхойлох зорилгоор хэрэглэгчдийн өгөгдлийг цуглуулах нь хувийн мэдээлэл алдагдах эрсдэлийг дагуулж болзошгүй. Австралид сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон мэдээлэл алдагдсан хэрэг гарсан тул энэ асуудал онцгой анхаарал татаж байна.
Гэсэн ч засгийн газар тухайн өгөгдлийг зөвхөн нас баталгаажуулах зорилгоор ашиглаж, дараа нь устгах хатуу заалт хуульчилсан гэж мэдэгджээ. Зөрчсөн тохиолдолд “хүндэтгэлийн хариуцлага” тооцно гэв.
Мөн төрийн бичиг баримтаас өөр сонголтыг хэрэглэгчдэд санал болгох ёстой гэж заасан.
Сошиал платформууд хэрхэн хүлээн авсан бэ?
Компаниудын зүгээс энэ хоригийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, тойрох боломж ихтэй, хэрэглэгчдэд хүндрэл учруулна гэж шүүмжилсэн. TikTok, Snap зэрэг платформууд парламентын сонсгол дээр хоригийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн ч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
Meta компани хоригийг түрүүлж хэрэгжүүлж эхэлсэн ч, өсвөр насныханд ашиглаж буй бусад аппликейшнүүд дээр харилцан адилгүй хамгаалалт үүсч болзошгүй гэж анхааруулсан.
YouTube, Snap зэрэг компаниуд өөрсдийгөө “сошиал медиа” биш гэж мэдэгдсэн бөгөөд Google энэ шийдвэрийг шүүхээр хянуулах талаар авч хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна.
Бусад улс оронд ийм хориг бий юу?
Австрали бол ийм төрлийн нийтлэг хоригийг анх удаа хэрэгжүүлж буй орон юм. Харин бусад орнууд харьцангуй зөөлөн хандлага баримталдаг.
- Их Британид 2025 оноос эхлэн хүүхдүүдийг хортой контентоос хамгаалах хуулийн шинэчилсэн заалтууд хэрэгжиж байгаа
- Францын парламент 15 хүртэлх насны хүүхдүүдийг сошиал медиад нэвтрэхийг хориглох санал гаргасан
- Дани, Испани, Норвеги зэрэг орнууд насны хязгаар тогтоох төслийг боловсруулж байна
- АНУ-ын Юта мужид 18 хүртэлх насныханд эцэг эхийн зөвшөөрөлгүй сошиал медиа ашиглахыг хориглох хуулийг шүүх хүчингүй болгосон
Хүүхдүүд хоригийг тойрч чадах уу?
BBC-ийн ярилцсан өсвөр насныхан хориг хэрэгжиж амжаагүй байхад хуурамч нас ашиглан шинэ бүртгэл үүсгэж буйгаа ярьжээ. Зарим нь VPN ашиглах, хамтран эзэмшигчтэй хаяг нээх, шинэ аппликейшн санал болгох зэрэг аргаар системийг тойрох аргаа хуваалцаж байгаа аж.





