Европын хамгийн аюулгүй, амар амгалан орнуудын нэгт тооцогддог Австри улсад гарсан зэвсэгт халдлага тус улсын иргэдийг цочирдуулаад байна. Грац хотын ерөнхий боловсролын сургуульд 21 настай залуу зэвсэгтэйгээр нэвтэрч, 10 хүний амийг хөнөөн, улмаар өөрийгөө буудан амиа егүүтгэсэн аймшигт хэрэг гарлаа.
Хохирогчдын долоо нь эмэгтэй, гурав нь эрэгтэй бөгөөд нийт 12 хүн шархадсан болохыг Австрийн дотоод хэргийн сайд Герхард Карнер мэдээлэв. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар алагдсан хүмүүсийн дийлэнх нь сургуулийн насны хүүхдүүд байсан байна.
Хэргийг үйлдсэн этгээд тухайн сургуулийн төгсөж чадаагүй сурагч байсныг цагдаа нар тогтоожээ. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй ч, аллагын үеэр ашигласан хоёр бууг хууль ёсны дагуу эзэмшдэг байсан нь ил болжээ. Одоогоор түүнийг ийм харгис үйлдэл хийхэд хүргэсэн шалтгааныг тодруулахаар шалгалт үргэлжилж байна.
Австрийн Засгийн газар улс даяар гурван өдрийн гашуудал зарлаж, өнөөдөр 10:00 цагт бүх нийтийн нэг минутын дуугүй хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээ Вена хот дахь Ерөнхийлөгчийн ордны дээр байрладаг төрийн далбааг бөхийлгөн мандуулсан байна.
Канцлер Кристиан Стокер уг явдлыг “манай улсын түүхэн дэх хамгийн харамсалтай өдөр” хэмээн тодорхойлж, уг хэрэг нь Австрийн сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн олон хүний амийг авч одсон зэвсэгт халдлагын нэг болж байна хэмээн онцлов.
Австрид өмнө нь ч зэвсэгт халдлагын тохиолдол гарч байв. 2020 онд жихадист этгээд Куитим Фейзулай Вена хотын төвд халдлага үйлдэж, дөрвөн хүнийг буудаж амийг нь хороон, 23 хүнийг шархдуулж байсан юм. Мөн 2016 онд Нензин хотын концертын танхимд гарсан өөр нэг халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байдаг.