27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

“Аюулгүй” мэт санагдах вэйп үнэндээ хүүхдийг никотинд донтуулж байна – ДЭМБ ноцтой анхааруулга гаргав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад жил бүр 4,300 орчим хүн тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар нас бардаг гэсэн тоо бий. Тамхины эсрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах бодлого хэрэгжиж байгаа ч шинэ төрлийн заналхийлэл улам газар авч байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) анхааруулж байна. Тэр нь электрон тамхи буюу вэйп.

Сүүлийн жилүүдэд вэйп буюу электрон тамхи, ялангуяа өсвөр насныхан, залуучуудын дунд хурдтай тархаж байгаа нь Монголын эрүүл мэндийн салбарт шинэ эрсдэлийг бий болгож байна. Технологийн өнгө төрх, амттай үнэр, “аюулгүй” гэсэн ташаа ойлголт, сошиал сүлжээгээр дамжсан ухуулга нь залуусыг энэ шинэ төрлийн тамхинд татагдахад хүргэж байна. Гэвч энэ бол “аюулгүй” нэрийн цаана нуугдсан аюул хэмээн ДЭМБ онцолжээ.

Электрон тамхины найрлагад никотин, хүнд металл, хорт хавдар үүсгэгч химийн бодисууд, хүний биед хортой амт оруулагч зэргүүд ордог бөгөөд “никотингүй” гэж шошголсон бүтээгдэхүүнүүд ч бодит байдал дээр никотин агуулж байгааг олон улсын судалгаанууд нотолсон байна. Энэ нь хэрэглэгчдийн анхаарлыг санаатайгаар сарниулж, эрүүл мэндийн хохирлыг далдалж буй ноцтой тактик гэж үзэж болно.

2025 оны тавдугаар сарын 14-15-нд Улаанбаатарт болсон өндөр түвшний уулзалтын үеэр танилцуулсан судалгаагаар Монголын хүүхэд, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ сэтгэл түгшээх түвшинд хүрснийг харуулжээ. Судалгаанд хамрагдсан хүүхэд залуусын 60 хувь нь вэйп хэрэглэж үзсэн, гурван хүүхэд тутмын нэг нь тогтмол хэрэглэж байгаа, харин таван хэрэглэгч тутмын нэг нь өдөрт 10 ба түүнээс олон удаа татдаг гэсэн дүн гарчээ. Энэ бол донтох түвшинд хүрсэн хэрэглээ юм.

Цаашлаад 2024 онд Монгол Улсад оруулж ирсэн нийт тамхины бүтээгдэхүүний 25 орчим хувийг электрон тамхи эзэлж, импортын огцом өсөлт бүртгэгдсэн байна. Үүний цаана маркетингийн оновчтой, гэхдээ хортой хэлбэр бий болжээ: чихэр шиг амт, ганган дизайн, тоглоомчилсон урамшуулал, нөлөөлөгчдөөр дамжуулсан сурталчилгаа нь өсвөр үе рүү шууд чиглэж байна.

ДЭМБ электрон тамхины сөрөг нөлөөг дараах байдлаар тайлбарлаж байна: тархины хөгжлийг сааруулж, сурах чадварт сөргөөр нөлөөлөх, сэтгэлзүйн тогтворгүй байдал үүсгэх, зүрх судас, уушгинд хортой нөлөө үзүүлэх, уламжлалт тамхинд донтох эрсдлийг гурав дахин нэмэгдүүлэх зэрэг нь нотлогдсон.

Харамсалтай нь, одоогоор Монгол Улсад электрон тамхины хэрэглээг хязгаарласан тусгайлсан, нэгдсэн хууль, журам байхгүй байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байна. ДЭМБ болон судлаачид уг асуудлыг уламжлалт тамхитай адил түвшинд хуульчилж, хүүхэд, залуу үеийг чиглэсэн хамгаалалтын механизмыг яаралтай бүрдүүлэхийг уриалж байна.

Хэрэв энэ чиглэлд дорвитой арга хэмжээ авахгүй бол “зугаатай” нэрийн дор нуугдсан вэйп олон мянган хүүхэд, залуусыг насан туршийн никотинд донтсон хэрэглэгч болгох аюул нүүрлээд байгааг ДЭМБ-аас хатуу анхаарууллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here