13.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Азийн сагсан бөмбөгийн Аваргуудын лигийн “Final Four” Монголд зохион байгуулагдана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Азийн сагсан бөмбөгийн Аваргуудын лиг (BCL)-ийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 15-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монголын дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” болон дэд аварга “Бишрэлт Металл” багууд оролцож, хүчээ сорьсон юм.

“А” хэсэгт өрсөлдсөн “Бишрэлт Металл” баг өөрийн талбайд болсон гурван тоглолтдоо ялалт байгуулсан ч нийт оноогоор хэсгээсээ шалгарахад хүрэлцээгүй. Харин “B” хэсэгт багтсан “Хасын Хүлэгүүд” баг 100 хувийн амжилттайгаар зургаан тоглолтод дараалан ялалт байгуулсан. Тэд гол өрсөлдөгч “Нью Тайпэй Кингс”-ийг 94:73-аар буулган авсны дараа Сингапурын “Адроит”-ыг 76:62, Тайландын “Хай Тек”-ийг 88:80-аар дийлжээ.

Хагас шигшээ буюу “Final Four” тэмцээн тавдугаар сарын 30-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд тоглолтууд “М арена”-д явагдана. Хагас шигшээ тоглолт энэ сарын 30-нд 18:00 цагаас Тайванийн “Таоюан Пилотс” болон “Нью Тайпэй Кингс” багуудын тоглолтоор эхлэх бол 21:00 цагаас Монголын “Хасын Хүлэгүүд” баг Индонезийн “Пелита Жайя”-тай учраа таарах юм.

Хожигдсон хоёр баг тавдугаар сарын 31-ний 18:00 цагаас гуравдугаар байрны төлөө тоглох бол аваргын төлөөх тулаан 21:00 цагаас болно. Тэмцээний түрүү багууд ирэх зургадугаар сарын 9-15-ны өдрүүдэд болох BCL-ийн финалын шатанд БНХАУ, Япон, БНСУ, Филиппин зэрэг орны шилдэг багуудтай хүч үзэх эрхээ авна.

Индонезийн “Пелита Жайя” баг нь 1988 онд байгуулагдсан бөгөөд 2017, 2024 оны Индонезийн дээд лигийн аварга юм. Багийн гол спонсор нь “Bakrie Group”. Багийн ахлагч Андакара Прастава, Америк легионер тоглогчид болох Жэймс Дикей, ЖаКуори МакЛаулин, Кэй Жэй МакДаньелс нарын бүрэлдэхүүнтэй. МакДаньелс нь NBA-гийн 2014 оны драфтын №32-т “Филадельфи 76” багт сонгогдож байсан бөгөөд энэ улиралд урьдчилсан шатны таван тоглолтод 20.4 оноо, 11.4 самбарын дундажтай тоглож байна.

Багийн ахлах дасгалжуулагчаар NBA-ийн од Жэйсон Тэйтумын аав Жастин Тэйтум ажиллаж байгаа бөгөөд тэрбээр Австралийн “Ильяавара Хаукс” багийг удирдаж, дотоодын лигт түрүүлгэсний дараа Индонезийн багт иржээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Ийм том тэмцээн Монголд болох гэж байгаад баяртай байна. Заавал очиж үзнэ ээ!

  2. Гайхалтай мэдээ байна, олон улсын хэмжээний тоглолт үзэх боломж олдож байгаад баяртай байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here