Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин чиглэлд эхлүүлсэн урт хугацааны гүйлтээ амжилттай дуусгаж, эх орондоо ирлээ.
34 өдрийн марафон
Тэрбээр өнгөрсөн сараас эхлэн тасралтгүй гүйж, 34 өдрийн хугацаанд нийт 1,418 км замыг туулсан байна. Гүйлт Тяньжин хотод амжилттай өндөрлөсөн бөгөөд Монголын нутгаар Замын-Үүд хүртэл 661 км, БНХАУ-ын Эрээнээс Бээжин хүртэл 757 км замыг туулжээ.
Эх орондоо ирсний дараа тэрбээр “Бүтэн марафон 34 өдөр гүйж, замаа дуусгалаа. Сайн үйлсийн аянд зориулж өвөл, хаврыг дамжсан гүйлт маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ гүйлтэд маань их олон хүн тусалж дэмжсэн” хэмээн хэлсэн байна.
Олон улсын шагнал хүртэв
Гүйлтийн төгсгөлд БНХАУ-ын талаас түүнд Дэлхийн Эрүүл Мэндийн Элч хэмээх шагнал гардуулсан байна. Мөн “Нэг бүс – Нэг зам, хайр ба сайн үйлсийн элч” өргөмжлөлийг хүртжээ.
Тэрбээр “Хэлсэн амандаа хүрч гүйлтээ яг гүйцээсэн. Гүйлтийн хугацаанд ямар нэг бэрхшээл тохиолдсонгүй” хэмээгээд цаашид энэхүү гүйлтийн талаар баримтат кино хийж, ном бичих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн “Дасгал хөдөлгөөн хийхээс залхуу хүрээд байвал өөрийгөө ташуурдаж босгоод алхаж, гүйж байгаарай” хэмээн залууст хандан уриалжээ.
Уулын спортын түүхэн амжилт
Б.Цэвээндаш нь Эверест оргилд өмнөд болон хойд маршрутаар авирсан цөөн монгол уулчдын нэг юм. Тэрбээр 2012 онд Балбын талаас, 2016 онд Төвдийн талаас оргилд хүрч, ийм амжилт гаргасан хоёр дахь монгол тамирчин болсон билээ.





