ONE Championship-т аваргын бүс авч, 65.8 кг-ын жинд оргилд хүрлээ
Тайландад болсон холимог тулааны хамгийн том холбоодын нэг “ONE Championship”-ийн ээлжит тулаанд Монголын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулжээ. Тэрбээр 65.8 кг-ын жингийн аваргын бүсийг эзэмшиж, дэлхийн аварга цол хүртсэн байна.
Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрико Андрадетэй тулалдаж ялалт байгуулсны дараа сэтгэгдлээ ийн хэлсэн юм.
“Аварга болж чадлаа. 25 жил бэлтгэл хийсний шагналаа өнөөдөр хүртэж буйдаа туйлын их баяртай байна. Миний багш Ж.Нарантунгалаг 2014 онд “One Championship” холбоонд түрүүлж дэлхийн аварга болж байсан түүхтэй. Багшийнхаа амжилтыг 11 жилийн дараа давтсандаа баяртай байна. Багштайгаа хамт бэлтгэл хийж, түүнээс суралцаж чадлаа. Би тулааны дараа маш их ядарсан. Монголдоо ирээд сайхан амармаар санагдсан. 2003 онд ээж минь цалингийн зээл авч намайг дэмжиж, таеквондогийн тэмцээнд явуулж байлаа. Ээждээ маш их талархдаг.
Тулаанд нэг нь ялж, нөгөөх нь ялагддаг. Энэ удаа би яллаа. Олон сайхан зүйл тохиож, тэр өдрийн тэнгэр миний талд буулаа. Маш олон хүний дэмжлэг, туслалцааг тэнгэр харж ялалтыг надад өглөө гэж ойлгож байгаа. Үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм байна. Багшийнхаа амжилтыг дахин давтлаа. Намайг үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа” гэж байв.
Дараагийн алхам: боломжгүй бол жин өгсөж, аваргын бүсний төлөө дахин гарна
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Б.Энх-Оргил ирэх жил аваргын хамгаалалтаа эх орондоо хийх нөхцөл бүрдэхгүй тохиолдолд жин өгсөж, 70 кг-ын ангилалд хүч үзэх хувилбар яригдаж байна. Түүнчлэн өөр нэг бүсний төлөө дахин тулаан хийх магадлалтай гэжээ.
Одоогоор яригдаж буй хувилбаруудыг товчлон үзвэл
- Одоогийн бүс: 65.8 кг-ын жин
- Дараагийн хамгаалалт: 66 кг-ын бүсээ эх орондоо хамгаалах боломжийг тооцож байна
- Хэрэв энэ хувилбар бүтэхгүй бол: 70 кг-д өгсөнө, дахин бүсний төлөө тулаан хийх боломжтой





