Хотын төвийн зам дагуух автобусны буудлуудын карма зогсоолуудыг хааж, битүүлэх ажил иргэдийн анхаарлыг татаж, цахим орчинд олон санал бодол өрнүүлж байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух бүх карма зогсоолуудыг долоодугаар сарын 5-наас өмнө хааж, ногоон байгууламжтай болгохоор зорьж буй энэ ажлын талаарх бодит зорилгыг Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр тайлбарлалаа.
Тэрээр хэлэхдээ, “Карма зогсоолыг хааснаар түгжрэл шууд буурахгүй. Гэхдээ зам дээр үүсдэг үл ойлголцлын цэгүүдийг арилгах нь гол зорилго” хэмээн тодотгожээ. Үл ойлголцлын цэг гэдэг нь замын өргөний зохицуулалт, нийтийн тээврийн орчны стандарт хангалтгүй байдлыг хэлж байгаа аж.
Б.Одбаярын тайлбарласнаар, автобусны буудлуудын бордюр болон замын асфальтын түвшин зөрүүтэй байснаас болж зорчигчдын автобусанд суух, буух үйлдэл хүндрэлтэй, аюултай байдал үүсдэг. Жишээлбэл, автобусны буудлын бордюр 15 см өндөр бол автобусны хаалга 30 см-ийн өндөрт байрладаг. Энэ зөрүү нь иргэд, тэр дундаа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлгөөнд хүндрэл үүсгэдэг байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд замыг шинээр засаж, бордюрын өндөр болон автобусны хаалганы түвшинг ойртуулан тохируулах ажил хийгдэж байгаа бөгөөд ингэснээр зорчигчид аюулгүй, хялбар сууж, буух боломж бүрдэх аж.
Мөн ногоон байгууламжийн талаар олон нийтийн дунд “хайрцагласан мод тарих нь буруу” гэсэн шүүмжлэл байгаа ч, Б.Одбаяр “Шинэ байгууламжийг одоогийнхтой адил нөхцөлд, байгальд ээлтэй байдлаар бий болгоно” гэж мэдэгдсэн. Тэрбээр энэ нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах зорилготой ажил гэдгийг онцолсон юм.
Энэхүү төслийн гүйцэтгэгчийг 2023 оны арваннэгдүгээр сард сонгон шалгаруулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор ажлаа эхлүүлсэн байна. Үүний хүрээнд карма зогсоолуудыг хайргаар дүүргэж, шинэчилж буй юм.