2025 оны тавдугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороонд бага насны хүүхэд дээрэмдүүлж, улмаар орцны шатанд гавлагдсан ноцтой хэрэг гарсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Хэргийн талаар иргэдээс “Манай бага насны хүүхдийг танихгүй хүн гар утсаар яриулаач хэмээн хуурч, орц руу оруулан утсыг нь дээрэмдэж, шатны төмрөөс гавлаад орхисон” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллагаа зохион байгуулсны үр дүнд, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай Э гэх этгээдийг илрүүлэн, саатуулсан байна. Урьдчилсан байдлаар “Дээрэмдэх” гэмт хэрэг болон тусгай хэрэгсэл ашигласан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.
Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарт дараах анхааруулгыг хүргэж байна:
- Хүүхдэд танихгүй хүнтэй харьцахгүй байх, дагаж явахгүй байхыг байнга сануулах
- Ганцаараа явах, эд зүйлээ ил задгай үзүүлэхгүй байх талаар зөвлөн чиглүүлэх
- Гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх үүднээс хараа хяналтаа сайжруулах