Боловсролын яамнаас багш нарын цалингийн бүтцийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байсан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болжээ. Энэ талаар Боловсролын сайдын зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга мэдээлэв.
Түүний хэлснээр өнөөдөр нийслэлд шинээр ажилд орж буй ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалин 1,484,000 төгрөг, цэцэрлэгийн багшийнх 1,559,000 төгрөг байгаа бөгөөд эхний таван жилд нэмэгдэл урамшуулал бараг авдаггүй аж. Харин хөдөө орон нутгийн багш нар орон нутгийн нэмэгдэлтэй учир нийслэлийнхнээс илүү цалинтай байгаа нь амьжиргааны өртөг өндөр нийслэлд амьдарч буй багш нарт хүндрэл үүсгэж байгааг онцоллоо.
Мөн залуу багш болон олон жил ажилласан туршлагатай багш нарын хооронд цалингийн зөрүү хэт өндөр байгааг харгалзан цалингийн шинэ бүтцийн саналыг боловсруулсан байна.
Шийдлийн гол санал:
- Үндсэн цалинг тодорхой хувиар нэмэгдүүлж, цалингийн бүтцийг өөрчлөх
- Доктор, профессорын нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, кабинетын нэмэгдэл зэрэг нэмэгдлийг үндсэн цалинд шингээх
- Гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг 50 хувиар бууруулж, мөн үндсэн цалинд шингээх
- Анги дүүргэлтийн ачааллыг илүү цагт шилжүүлж, нэмэгдэл хөлсөөр тооцох
Тооцооллоор үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэхэд улсын төсөвт ирэх ачаалал 21.7 хувиар өсөж, 556.3 тэрбум төгрөг шаардлагатай болох аж. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 1,855,000 төгрөг, цэцэрлэгийн багшийн цалин 1,948,750 төгрөг болж нэмэгдэх боломжтой байна.
Д.Гантулгын хэлснээр, цалингийн бүтцийн бүх хувилбарт төсвийн тооцоог хийж боловсруулсан бөгөөд тэдгээрийг Боловсролын сайдад танилцуулсан. Цаашид уг асуудлыг Засгийн газраар дамжуулан Улсын Их Хурал хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
Гол нь багш нарын хөдөлмөр шударгаар үнэлэгдэх хэрэгтэй
Урамшууллын системийг зөв шийдэхгүй бол маргаан дагуулж мэднэ