15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Баяр наадмыг Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн хүрээнд тэмдэглэх хуулийн төсөл санаачилжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр (2025.06.23) УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ж.Золжаргал, Ш.Бямбасүрэн, Р.Батболд, С.Лүндэг, Ж.Алдаржавхлан нар санаачлан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.

Хуулийн төслийн нэгдүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэснийг “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж өөрчлөн оруулжээ.

Хууль санаачлагчдын үзэж байгаагаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар зарлигаар Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарсан ч энэ талаар хуульд тусгайлан заагаагүй байсан байна. Түүнчлэн, Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг төгсгөж, Монгол төрийг сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийг дурсах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн 1990 оны ардчилсан хувьсгал нь Монгол Улсад олон намын тогтолцоо үүсгэж, өнөөгийн ардчилсан Үндсэн хуулийг баталсан, иргэдийн эрх, эрх чөлөө, ил тод засаглалыг бататгах зорилготой тайван, хүчирхийлэлгүй өөрчлөлт байсан гэж хууль санаачлагчид тодотгов.

Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт төрт ёс, түүх, соёлын уламжлалыг хүндэтгэн, ардчилсан нийгмийг хөгжүүлэх зорилго тавьсан байдаг. Тиймээс Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхдээ эдгээр үйл явдлыг дурсаж, ухамсраа сэргээх нь зүй ёсны хэрэг гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойн баяр наадамтай хамт Тулгар төр байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг Үндэсний их баяр наадмын хуульд албан ёсоор тусгах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, уламжлалыг илэрхийлэх чухал алхам гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here