BLACKPINK хамтлагийн гишүүд Женни, Жисү, Рөүз, Лиза нар фенүүдийнхээ урьдчилан хүлээсэн “Deadline” дэлхийг тойрох аялан тоглолтын сурталчилгааг албан ёсоор эхлүүллээ.
6 дугаар сарын 26-нд цацагдсан аялан тоглолтын танилцуулга видеонд Рөүз утасны бүхээгээс гишүүд рүү залгасны дараа тус бүрээрээ гарч ирж байгаа дүрсийг харуулжээ. Дараа нь дөрвөн гишүүн бүгд эргэн нэгдэж, хамтдаа шинэ аялал эхлүүлэхэд бэлэн гэдгээ энэхүү видеоноос харж болно.
YG Entertainment агентлагийн мэдээлснээр, энэхүү трейлерийг Калифорниа мужийн Ланкастер болон Холливудын цөлд олон улсын нэр хүндтэй продакшны багийн тусламжтайгаар авсан байна. “Энэ бол дөнгөж эхлэл” гэж агентлаг онцолсон байна.
BLACKPINK хамтлагийн 2025 оны дэлхийг тойрох аялан тоглолт “Deadline” 7-р сарын 5-6-ны хооронд Өмнөд Солонгосын Гоянг хотын Гоянг цэнгэлдэх хүрээлэнд 2 өдрийн тоглолтоор эхлэх бөгөөд Хойд Америк, Европ, Ази гэсэн нийт 16 хотоор аялан тоглолтоо хийхээс өмнө шинэ дуугаа анх удаа танилцуулах төлөвтэй байна.