БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас 2025 оны 9-р сарын 7-нд мэдээлснээр, тус улсын иргэн, Youtube контент бүтээгч эмэгтэй Монголд аялж яваад амь насаа алджээ.
Тодруулбал, 20 орчим насны “А” нэртэй эмэгтэй 2025 оны 8-р сарын 28-нд Архангай аймгийн Хоргын тогооноос зураг авах гэж байгаад унаж нас барсан байна. БНСУ-ын Гадаад харилцааны яамны мэдээлснээр, “Амь хохирогч зураг авхуулж байхдаа хүчтэй салхины улмаас тэнцвэрээ алдаж унасан гэж таамаглаж байна. Орон нутгийн удирдлагуудтай хамтран ослын нарийвчилсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна,” гэжээ.
Хэргийн талаар 8-р сарын 28-нд Архангай аймгийн Цагдаагийн газарт дуудлага бүртгэгдсэн бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Хоргын тогооны тухай: Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариатын сумын нутагт орших, далайн түвшнээс 2210 метрийн өндөрт байрладаг унтарсан галт уул юм. Энэ газар байгалийн үзэсгэлэнтэй, жуулчдын сонирхлыг татдаг ч өндрөөс унах эрсдэл өндөртэй газар юм.