2025 оны наймдугаар сарын 20-нд Бразилын “Флуминенсе” клубийн хаалгач Фабио 1391 дэх тоглолтдоо гарч, хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон тамирчнаар тодорлоо.
44 настай Фабио өнгөрсөн бямба гарагт Английн домогт хаалгач Петер Шилтоны эзэмшиж байсан дээд амжилттай эн зэрэгцсэн бол мягмар гарагт Рио-де-Жанейрогийн алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Колумбийн “Америк де Кали”-г 2:0-ээр буулган авч, өөрийн шинэ рекордыг тогтоосон юм.
Хэдийгээр Бразилын хэвлэл мэдээлэл болон “Флуминенсе” клуб түүний амжилтыг “түүхэн дээд амжилт” хэмээн онцолж байгаа боловч ФИФА болон КОНМЕБОЛ албан ёсоор батлаагүй байна.
Фабио тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Бид заримдаа олон жилийн турш хадгалагдаж буй рекордыг эвдэхийн жинхэнэ үнэ цэнийг тэр бүр ойлгодоггүй” хэмээн дурдсан юм.
Бразилын хөгжөөн дэмжигчид түүнийг “улсынхаа хамгийн шилдэг хаалгач” хэмээн өргөмжилж, дурсгалын бэлэг гардуулжээ. Харин “Флуминенсе”-гийн дасгалжуулагч Ренато Гаучо:
“Фабио шиг ур чадваргүй бол ийм олон тоглолтод оролцох боломжгүй. Түүний амжилтыг давах нь тун хэцүү байх болно” гэж онцолсон байна.
Фабио 2023 онд “Флуминенсе”-гийн хамтаар “Либертадорес”-ийн цомд түрүүлж, энэ зун АНУ-д болсон Клубүүдийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан. Түүний замналын онцлох үзүүлэлтүүдээс дурдвал:
- “Крузейро” клубт 2005-2022 онд нийт 976 тоглолт
- “Униао Бандейранте”-д 30 тоглолт
- “Васко да Гама”-д 150 тоглолт
- “Флуминенсе”-д 235 дахь тоглолтоо хийжээ
Английн хаалгач Петер Шилтон 1997 онд зодог тайлсан бол Фабио тэр жил мэргэжлийн замналаа эхлүүлж байжээ. Шилтон өөрийгөө 1387 тоглолтод оролцсон гэж үздэг ч, Гиннесийн номонд түүний албан ёсны үзүүлэлт 1390 тоглолт гэж бүртгэгдсэн байдаг.