Тэргүүн хатагтайн эсрэг гомдол гарч, 343 хүн гарын үсэг зуржээ
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хэд хэдэн байгууллага Францын тэргүүн хатагтай Брижит Макроныг эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварласан, доромжилсон утгатай үг хэлсэн гэж үзэн шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдолд нийт 343 хүн гарын үсэг зурсан нь Францын феминист хөдөлгөөний түүхэн бэлгэдэлтэй тоо гэж тайлбарлагджээ.
Театрын тайзны ард болсон уулзалтын бичлэг маргаан өдөөв
Маргаан өнгөрсөн долоо хоногт Парисын “Folies Bergère” театрт болсон тоглолттой холбоотойгоор эхэлсэн байна. Тэр үед тэргүүн хатагтай Брижит Макрон охин болон хэсэг найзын хамт уг тоглолтыг үзэж, тайзны ард жүжигчин, комедиан Ари Абиттантай ярилцжээ. Тэдний уулзалтын дүрс бичлэг олон нийтийн дунд тархсанаар асуудал хурцадсан байна.
Өмнөх өдөр нь уг тоглолтыг феминист хөдөлгөөний идэвхтнүүд тасалдуулсан талаар мэдээлэгдсэн бөгөөд тэд хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан Абиттан тоглолтод оролцож буйг эсэргүүцсэн нь гол шалтгаан болжээ. Тархсан бичлэгт Брижит Макрон Абиттанаас сэтгэл санаа ямар байгааг нь асууж буй хэсэг багтсан байна.
“sales connes” гэх хэллэгээс үүдсэн шүүмжлэл, феминистүүдийн хариу
Бичлэгт тэргүүн хатагтай тоглолтыг үймүүлсэн идэвхтнүүдийг “sales connes” (франц хэлээр тэнэг г****нүүд гэсэн утгатай) гэж нэрлээд дахиад ингэвэл “хөөж гаргах хэрэгтэй” гэж хэлсэн гэх мэдээлэл гарсан байна. Эмэгтэй хүмүүсийг ийм доромж үгээр нэрлэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, ялангуяа феминистүүдийн дунд хүчтэй эсэргүүцэл дагуулжээ.
Гомдол гаргагчдыг төлөөлж буй өмгөөлөгч Жульетт Шапел “Тэр бол Францын тэргүүн хатагтай тул юу гэж хэлэх нь чухал асуудал” гэж хэвлэлд ярьжээ.
Абиттантай холбоотой хэрэг, мөн Макроны тайлбар ба байр суурь
Францын шүүх Ари Абиттаны 2021 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр 2024 онд хаасан байна. Уг шийдвэрийг давж заалдсан ч энэ оны нэгдүгээр сард дараагийн шатны шүүх мөн хэрэгсээгүй гэж мэдээлэгдэв.
Харин энэ долоо хоногт Брижит Макрон хэвлэлд өгсөн ярилцлагадаа дүрс бичлэгт “хувийн яриа” нь бичигдсэнийг тайлбарлаж, эмэгтэйчүүдийг гомдоосондоо уучлал гуйсан байна. Гэвч тэр “Би хэлсэн үгэндээ харамсахгүй байна. Би хэдийгээр бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн гэргий ч хувийн орон зайдаа өөрийнхөөрөө байх эрхтэй” гэж нэмж хэлжээ.
Тэргүүн хатагтайн эсрэг гаргасан гомдолд 343 хүн гарын үсэг зурсан нь 1971 онд үр хөндөлтийг хуульчлуулахын тулд ийм тооны эмэгтэйчүүд жирэмслэлтээ зогсоож байсантай холбоотой гэх тайлбар хавсарсан байна.





