К-попын хамгийн нөлөөтэй хамтлагуудын нэг BTS шинэ “Arirang” дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхдээ нээлтийн тоглолтуудаа БНСУ төдийгүй олон улсын кинотеатруудаар шууд дамжуулахаар болсон талаар хамтлагийн “BigHit Music” агентлаг мэдээллээ.
Тус аялан тоглолтын эхний тоглолтууд БНСУ-ын Сөүлээс баруун хойд зүгт байрлах Гоян хотод энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд, Японы Токио хотод дөрөвдүгээр сарын 18-нд болно. Эдгээр тоглолтыг дэлхийн 75 улсын 3500 гаруй кино театр нэгэн зэрэг хүргэх бөгөөд цагийн бүсийн ялгаанаас шалтгаалан зарим бүс нутагт дамжуулалт бага зэрэг хойшилж үзүүлэхээр төлөвлөжээ.
Өмнөд Солонгост CGV, Lotte Cinema, Megabox-оор гарч, захиалга 25-нд нээгдэнэ
Өмнөд Солонгост шууд дамжуулалтыг кино театрын томоохон сүлжээнүүд болох CGV, “Lotte Cinema”, “Megabox” зохион байгуулах юм байна. Тасалбарын захиалга энэ сарын 25-ны өдрийн 10:00 цагт эхэлнэ гэж мэдээлжээ.
34 хот, 82 тоглолт, Европ ба Хойд Америкийн тасалбар хэдийн дуусчээ
“BigHit Music” энэ удаагийн аяллыг к-поп уран бүтээлчдийн түүхэн дэх хамгийн том хэмжээний аялан тоглолтын эхлэл болно гэж онцолсон байна. Нийт хөтөлбөрт 34 хотод 82 тоглолт багтах бөгөөд Хойд Америк, Европт хийх 41 тоглолтын тасалбар аль хэдийн зарагдаж дууссан гэжээ. Мөн Гоян хот дахь тоглолтуудын тасалбар дууссан байна.
Түүнчлэн BTS хамтлаг АНУ-ын Тампа хотын “Raymond James Stadium”, Калифорни мужийн “Stanford Stadium”, Арлингтон хотын “AT&T Stadium”, Германы Мюнхен хотын “Allianz Arena” зэрэг дэлхийн томоохон цэнгэлдэхүүдэд бие даасан тоглолт хийсэн анхны Өмнөд Солонгос хамтлаг болохоор төлөвлөгдөж буйг мэдээлэлд дурджээ.
Лондон хотын “Tottenham Hotspur Stadium” цэнгэлдэхэд долоодугаар сарын 6, 7-нд хоёр өдөр дараалан тоглох бөгөөд нийт 120 мянган үзэгчийн өмнө гарах энэ тоглолт нь үзэгчдийн тоогоор шинэ дээд амжилт тогтооно гэжээ.
Аялан тоглолт нь хамтлагийн тав дахь бүрэн хэмжээний “Arirang” цомгийн нээлтийн дараа үргэлжлэх бөгөөд уг цомог гуравдугаар сарын 20-нд худалдаанд гарна. Үүнтэй холбоотойгоор “BTS The City Arirang Seoul” нэртэй соёлын цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хөгжим, медиа арт, хотын инсталляцыг хослуулсан уг үйл ажиллагаа гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл Сөүл хот даяар өрнөнө.





