2025 оны 6-р сарын 4-ний билгийн тооллын цагаагчин могой сарын шинийн 9-ний, гурван хөх мэнгэтэй хөх луу өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Агуйт ууланд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Энэхүү хүндэтгэлийн тайлгад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, анги салбаруудын удирдлагууд оролцсон юм.
Монгол Улсын төр, цэргийн сүр хүч, нэгдмэл байдлыг илэрхийлдэг Их хар сүлдийг энэ өдөр тусгайлан зассан дөрвөн зүгийн элч сүлдийн хамтаар Агуйт уулын оргилд залж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан ёслолын журамд нийцүүлэн тайлгын зан үйлийг төрийн хонжиноос удирдан гүйцэтгэлээ.
Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол түмний хувьд оройн дээд шүтээн, төрийн дархан билэг, цэрэг эрсийн эрдэм чадал, итгэл сэтгэлийн илэрхийлэл байсаар ирсэн. Тайлгын ёслолыг хоёр төрөлтэйгөөр зохион байгуулдаг бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, харин цагаалах тайлгыг жил бүрийн тодорхой хугацаанд хийдэг уламжлалтай.
Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар уул бөгөөд түүхэнд Чингис хааны түмэн хишигтэн байрлаж байсан, их хааны ташуур олдсон гэгддэг ариун шүтлэгт газар юм. Тус ууланд Их хар сүлдийг цэнгүүлэх нь монгол түмний цэрэг, төрийн нэгдмэл дархлаа, эв эеийг илтгэх онцгой билэгдэл болж байна.
