Шинийн нэгний өглөө шүтээнд хүндэтгэл үзүүлж, шинэ уламжлал тогтов
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ.
Энэ жилээс эхлэн төрийн гурван өндөрлөг жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүлэх уламжлал тогтож буйг онцоллоо.
“Чингис хаан” музейд заларсан шүтээний утга, түүхэн агшны дүрслэл
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Эзэн Богд Чингис хааны шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээж, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн өдөр “Чингис хаан” үндэсний музейд байх өргөөнд нь залсан байна.
Уг шүтээн нь Эзэн Богд Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж буй түүхэн агшныг мөнхөлсөн бүтээл юм. Тодруулбал, “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэх баримтат хэсгийг дүрслэн урласан байна.
Мөн “Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардас, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл болохыг дурджээ. Энэ нь Эзэн Богдын үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улсын алдар суу мөнхөд дуурсагдах, өвөг дээдсээс уламжилсан төр улс үүрд оршихыг бэлгэдсэн хэмээн тайлбарласан байна. Түүнчлэн хааны баруун гар талд монгол түмний энх амгалан, түвшин төрийн бэлгэдэл болох Их цагаан тугийг байрлуулжээ.
Төрийн далбаа мандуулж, Төрийн дуулал эгшиглэв
Шинийн нэгний өглөө жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа. Энэ үеэр Үлгэр жишээ үлээвэр хөгжимд Төрийн дуулал эгшиглэсэн байна.





