Монгол Улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулах зорилгоор олон нийтийн хэлэлцүүлэг болох гэж байна.
Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр 09:00 цагаас Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд зохион байгуулах бөгөөд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл олон нийтэд танилцуулагдаж, санал бодлыг нь сонсох юм.
Хэлэлцүүлэг нь иргэдийн оролцоог хангаж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотой аюулгүй байдал, стандарт, хариуцлагын зохицуулалтыг бодит хэрэгцээнд тулгуурлан боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж зохион байгуулагчид онцолж байна.