Монгол төгрөгийн ханш тасралтгүй сулрах үзэгдэл нь иргэдийн амьжиргаанд хүндээр нөлөөлж, эдийн засгийн тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлж байгаа талаар эдийн засагч Д.Ангар тайлбар хийлээ.
Тэрбээр, “Монгол Улсад зээлийн хүү дэндүү өндөр байгаагаас үйлдвэрлэлийн төслүүд хөгжиж чадахгүй байна. Үйлдвэрлэл байхгүй учир бүх бараа бүтээгдэхүүнээ гадаадаас импортолж, улмаар валютын гадагшлал ихэсдэг. Үүний улмаас улс орон гадаад валютын хомсдолд орж, төгрөгийн ханш жилээс жилд сулардаг” гэжээ.
Импорт нэмэгдэж, инфляц хөөрөгдөж байна
Монгол улс хэрэглэгч орон хэвээр байгаагийн улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд барилгын материал, уул уурхайн тоног төхөөрөмж зэрэг бүхий л хэрэгцээгээ гадаадаас авч байна.
2024 оны эхний улиралд импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 133.4 сая ам.доллараар өсжээ. Импортын өсөлт инфляцыг дагуулж, хэрэглээний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор Монголбанк гуравдугаар сард бодлогын хүүгээ хоёр нэгжээр нэмэгдүүлж 12 хувь болгосон.
Энэ шийдвэр нь арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах бус улам өндөр түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хөгжлийн тулгуур болсон үйлдвэрлэл хохирсоор
Өндөр хүүтэй зээл үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг боомилж, ажлын байр шинээр бий болох боломжийг хязгаарласаар байгаа нь эдийн засгийн үндсэн хүндрэл болж байна. Үйлдвэрлэлгүй өсөлт нь валютын гадагшлал, ханшийн сулралыг улам эрчимжүүлдэг гэж Д.Ангар дүгнэжээ.