Авто спортын олимп гэгддэг “Дакар Ралли” уралдааны 10 дахь гараа өчигдөр өндөрлөлөө. Саудын Арабын Биша хотыг хөндлөн 420 км үргэлжилсэн энэ гараанд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд 4 цаг 54 минут 24 секундийн амжилтаар барианд орж, одоогоор идэвхтэй уралдаж буй 97 тамирчнаас 20 дугаар байрт жагссан байна.
Үүний үр дүнд тэрээр 46:18:17 цагийн нийлбэр амжилтаар ерөнхий ангилалд 15 дугаарт бичигдэж, Rally 2 төрөлдөө долдугаарт эрэмбэлэгдэж буй аж. Харин П.Мөрөн 51:38:05 цагийн үзүүлэлтээр нийлбэр дүнгээр 30 дугаарт жагсаж, Rally 2 төрөлдөө 20 дугаар байранд бичигдлээ.
Мотоциклийн төрөлд 10 дахь гараанд Францын Адраин ван Беверен 4:15:03 цагийн амжилтаар тэргүүлсэн байна. Нийлбэр дүнгээр өмнө нь манлайлж байсан Австралийн Даньел Сандерс энэ удаа тэргүүлэгчээс 27 минут хоцорч, 16 дугаар байранд орсноор байрлал нь ухарчээ. Ингэснээр нийлбэр дүнгийн тэргүүн байранд АНУ-ын Рики Брабек гарч ирсэн бол Д.Сандерс дөрөвдүгээр байранд бичигдэж байна.
Уралдааны 11 дэх гараа нийт 882 км зам туулах хуваарьтай байна.





