Жил бүрийн наймдугаар сард зохиогддог Даншиг наадам, аравдугаар сарын 29-нд болдог Нийслэлийн өдрийг энэ оноос эхлэн шинэ зохион байгуулалттайгаар тэмдэглэхээр боллоо. Тодруулбал, энэ хоёр баярыг нэгтгэн, 2025 оны зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт “Хүрээ цам–Даншиг наадам 2025” нэрийн дор зохион байгуулах болсон талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.
Шинэ зохион байгуулалтын дагуу наймдугаар сард Даншиг наадам, аравдугаар сард Нийслэлийн өдрийг тус тусдаа тэмдэглэхгүй. Харин цаашид жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн баярыг тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарсан байна. Баяруудыг нэгтгэснээр арга хэмжээний цар хүрээ нэмэгдэж, жуулчдын анхаарлыг татах, үндэсний уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд томоохон нөлөө үзүүлэхийг албаныхан онцолжээ.
Энэ үеэр олон нийт болон жуулчдад зориулсан соёл, уламжлалт спорт, шашны зан үйл зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээ болох бөгөөд үүнд хүчит бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, сур, шагайн харваа, сээр цохих тэмцээн, гар урлал, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, түүхэн гэрэл зургийн танилцуулга, үндэсний хувцасны үзүүлбэр багтжээ. Мөн есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээл толилуулах юм.
Соёл, шашны арга хэмжээний хүрээнд цам харайх, лам нарын ном хаялцах мэтгэлцээн, балин тосоор бүтээл хийх тэмцээн, сор болон соёмбот туг залах, сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг уламжлалт зан үйлүүдийг олон нийтэд хүргэх юм. Тухайлбал, энэ жил цам харайлтын үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож, өргөн дэлгэр хүрээг хамрахаар төлөвлөжээ.
Баярын арга хэмжээний эхлэл болгож, зургаадугаар сарын 27-нд Улаанбаатар хотын шүтээн уулс болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрханы тахилгын ёслол болно. Энэ үеэр нийслэлийн сүм хийдүүд цан хэнгэргээ цуурайтуулж, иргэдийн сайн сайхны төлөө ном хурах, буян үйлдэх, сайн үйлсийн аян өрнүүлэх юм байна.
Ийм эвлэрүүлсэн хэлбэр таалагдаж байна, зохион байгуулалт сайн байгаасай л гэж найдъя