Ахмад бөхийн барилдаанд домогт аварга дахин ноёрхов
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жилийн сар шинийн баярт зориулсан Монгол бөхийн цуврал барилдаан өчигдөр ахмад болон өсвөр бөхчүүдийн барилдаанаар Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Ахмад бөхийн барилдаанд 50-аас дээш насны 24 бөх зодоглосноос Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Ээлт хан” галын бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын бөх, “Бөхбилэгт” дэвжээний аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун үзүүрлэлээ.
Ингэснээр А.Сүхбат дархан аваргын Монгол бөхийн өргөөнд үзүүлсэн амжилт 56 түрүү, 24 удаагийн үзүүр гэсэн ховор статистиктай болж байна. Тэр 2006 оноос хойш 20 жилийн дараа дахин өргөөнд зодоглосон нь энэ бөгөөд 54 насандаа ахмадын барилдаанд түрүүлж, домог статусаа бататгалаа.
Их шөвөгт:
- Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, “Хантайшир” дэвжээний аймгийн начин Б.Пүрэвсүрэн шалгарсан.
Дунд шөвөгт:
- Улсын начин Д.Цогзолдорж
- Аймгийн арслан Ц.Жамсран
- Начин О.Одсүрэн нар шалгарч barildlaa.
Ахмадын барилдаанд хамгийн өндөр настай зодоглосон бөх нь Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Л.Цэвээн байв. Тэр 71 насандаа Монгол бөхийн өргөөнд гарч зодоглосноороо ахмад бөхийн жинхэнэ бэлгэдэл боллоо.
А.Сүхбат дархан аварга энэ сарын 16-нд болох Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд мөн зодоглохоор мэдэгдээд байгаа нь бөх сонирхогчдын анхаарлыг улам нэмэгдүүлж байна.
Өсвөрийн гурван насны ангилалд 500 гаруй хүүхэд зодоглов
Ахмадын барилдаантай зэрэгцэн өсвөрийн гурван насны ангилалд 500 орчим хүүхэд ур чадвараа сорьж, цаашдын улсын болон аймаг, дүүргийн түвшний барилдааны гол найдваруудаа тодруулав.
11–12 нас: Сэлэнгийн Мандалаас шинэ түрүү бөх тодров
Бага буюу 11–12 насны ангилалд:
- Түрүү: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Х.Мөнхбаатар
- Үзүүр: Нийслэлийн Багануур дүүргийн бөх Г.Номтойхүү
Шагналууд:
- “Уран гараа дэвээтэй бөх”: Э.Мөнхбат
- “Уран барилдааны шагнал”: А.Билгүүнтамир
13–14 нас: Г.Түвшинтогтох өсвөрийн барилдаанд ноёрхлоо баталлаа
13–14 насны ангилалд:
- Түрүү: Сонгинохайрхан дүүргийн харьяат, 74-р сургуулийн бөх Г.Түвшинтогтох
- Үзүүр: Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн бөх Г.Шаравжанцан
Г.Түвшинтогтох өсвөрийн сар шинийн барилдаанд гурван жил дараалан түрүүлээд зогсохгүй “Хуурнин шуугигч” барилдаанд 55 түрүү, насны ангиллын УАШТ-д зургаан удаа түрүүлээд байгаа нь өсвөрийн бөхийн түвшинд төдийгүй цаашдын улсын түвшний өрсөлдөөнд том нэр болохыг харуулж байна.
Шагналууд:
- “Уран гараа дэвээтэй бөх”: М.Мөнхтамир
- “Уран барилдааны шагнал”: Б.Бямбадорж
15–16 нас: Увсын Тэсээс, Завханы Завханмандалаас шилдэгүүд тодров
15–16 насны ангилалд:
- Түрүү: Увс аймгийн Тэс сумын харьяат, “Бас аварга” дэвжээний бөх А.Баяржавхлан
- Үзүүр: Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, “Эв Монгол” клубын бөх Г.Энхтамир
Шагналууд:
- “Уран гараа дэвээтэй бөх”: О.Мухулай
- “Уран барилдааны шагнал”: Д.Ренчин
Монгол бөхийн өргөөнд 133 дахь удаагийн барилдаан үргэлжилж байна
Тарвалин хийдийн нэрэмжит, Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан хоёрдугаар сарын 10-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдсон. Энэ барилдааныг 16 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд Монгол бөхийн өргөөнд болж буй 133 дахь удаагийн албан ёсны барилдаанд тооцогдож байна.
Ийнхүү ахмад, өсвөрийн барилдаанаар шинэ жилээ угтсан бөхийн өргөө домогт аваргуудын эргэн ирэлт, шинэ үеийн залуу бөхчүүдийн тодрол хоёрыг зэрэг харуулсан онцгой өдөр болж өнгөрлөө.





