Хоёр аймагт тохиолдол батлагдаж, хавьтлын судалгаа явагдаж байна
Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 2-нд дөрвөн настай хүүхэд менингококкийн халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн гуравдугаар сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол лабораториор батлагдсан байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр тухайн аймаг, сумдад хариу арга хэмжээг шуурхай авч, тандалт судалгаа хийх, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Менингит нь менингококкоор үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй халдварт өвчин бөгөөд аль ч насныхан өртөх эрсдэлтэй ч 0–5 насны хүүхдүүд илүү өртөмтгий гэж анхааруулжээ.
Илрэх боломжтой шинж тэмдгүүд
ХӨСҮТ-өөс дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг анхаарууллаа.
- 38 хэмээс дээш халуурах
- Уйламтгай, тайвшрахгүй байх
- Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
- Бөөлжих
- Нойрмоглох, сулрах
- Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
- Нярай хүүхдийн толгойн зулай товойх
- Гар, хөл хүйтэн болох
- Таталт өгөх
Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, биеэр тархах боломжтойг мөн сануулжээ. Дээрх шинж тэмдгийн нэг эсвэл хэд хэд илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах, эсвэл хамгийн ойрын эмнэлэгт нэн даруй хандахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн байна.





