Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт орших төмөр замын гарамд ноцтой зам тээврийн осол гарч, суудлын автомашин ачааны галт тэргэнд мөргөжээ.
Ослын талаархи дуудлага 11 дүгээр сарын 7-ны өдрийн 04:42 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Ослын нөхцөл байдал
Уг ослын үеэр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу явж байсан иргэн Э-ийн “Prius-30” загварын суудлын автомашин (1 зорчигчтой) Шарын гол сумаас Дархан-2 өртөө рүү чиглэж байсан ачааны галт тэргэнд мөргөсөн байна.
Үүний улмаас зорчигч 22 настай, эрэгтэй С. автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид эсэн мэнд гаргаж, аюулгүй байдлыг хангажээ.
Ослын шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд төмөр замын гарамд хөдөлгөөнд оролцогчдын анхаарал болгоомжгүй байдал гол нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэж урьдчилан үзэж байна.





