Узбекистан болон Йордан улсын хөлбөмбөгийн шигшээ багууд түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д оролцох эрхээ авч, Азийн хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээлээ.
Пүрэв гарагт Узбекистанчууд Арабын Нэгдсэн Эмират Улстай 0:0 харьцаатай тэнцсэн нь тэднийг 2026 оны ДАШТ-ий эрхтэй орнуудын жагсаалтад багтахад хүргэлээ. Узбекистан нь А хэсэгт Ираны ард хоёрдугаар байр эзэлж байгаа бөгөөд одоо тэдний онооны зөрүү АНЭУ-тай 4 болж, үлдсэн нэг тоглолтын дүнгээс үл хамааран Мексик, Канад, АНУ-д болох ДАШТ-ийг зорих эрхтэй болсон юм.
Энэ бол 36 сая хүн амтай, 1992 онд тусгаар тогтнолоо зарласан Узбекистан улсын хувьд түүхэн амжилт бөгөөд ФИФА-ийн чансаагаар 57-р байрт эрэмбэлэгдэж буй шигшээ багийн хувьд энэхүү эрх бол үнэхээр том бахархал юм. Уг амжилтыг багийн ахлах дасгалжуулагч Тимур Кападзе удирдлага дор байгуулжээ.
Харин Йорданы хувьд ч мөн адил бахархалтай мөчийг тууллаа. Али Олваны хийсэн хет трикийн ачаар Йордан улсын шигшээ баг өрсөлдөгч Оманыг 3:0-ээр хожиж, хэсгийн бусад тоглолтын үр дүнд тулгуурлан анх удаа ДАШТ-д оролцох эрхээ авсан юм. Иракийн баг хэсгийн тэргүүлэгч Өмнөд Солонгост хожигдсоноор Йордан эрхээ баталгаажуулсан гэж хэлж болно.
Йордан улс 1986 оноос хойш урьдчилсан шатанд долоон удаа оролцож байсан ч хэзээ ч үндсэн шатанд шалгарч байгаагүй юм. Харин энэ удаа тэд мөрөөдлөө биелүүлж чадлаа.
Одоогийн байдлаар 2026 оны ДАШТ-д дараах орнууд эрхээ аваад байна:
– Аргентин
– Иран
– Япон
– Шинэ Зеланд
– Узбекистан
– Йордан
– Мексик, Канад, АНУ (зохион байгуулагч учраас автоматаар эрхтэй)
Азийн бүсийн сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн эрхийн төлөө олон улсын багууд өрсөлдөж байна.