5.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

“Дэлхийн хамгийн эгэл ерөнхийлөгч” Хосе Мухика 89 насандаа таалал төгслөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Уругвай улсын ерөнхийлөгч асан, энгийн даруу амьдралаараа дэлхийд алдаршсан Хосе “Пепе” Мухика өчигдөр 89 насандаа нас баржээ.

Түүний таалал төгссөн тухай Уругвайн ерөнхийлөгч Яманду Орси өөрийн сошиал хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Тэрбээр мэдэгдэлдээ Мухикаг ерөнхийлөгч, тэмцэгч, удирдагч, хүмүүжүүлэгч байсан хэмээн тодорхойлж, түүний үлдээсэн өв, ард түмэндээ зориулсан хайранд талархал илэрхийлсэн юм.

Мухика ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нийслэлийн ордон бус, хөдөөгийн эгэл тосгонд амьдарч, улс орноо жирийн иргэдийн дундаас удирддаг нэгэн байлаа. Сүүлийн жил гаруйн хугацаанд тэр хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд сүүлчийн ярилцлагадаа үзэл бодолдоо үнэнч байж, тэмцлээ үргэлжлүүлэхийн хажуугаар ногоо тарьж, тахиануудаа тэжээж байгаагаа дурссан байдаг.

1960-аад онд тэрээр зүүн жигүүрийн партизануудын Тупамарос бүлгийг удирдан, Куба маягийн хувьсгалыг эх орондоо хийхийг зорьж, засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж байв. 1970-аад онд цэргийн дэглэмийн үед баривчлагдан, нийтдээ 15 жил шоронд хоригдож, хатуу дэглэм дор олон жилийг өнгөрөөсөн юм. 1985 онд Уругвайд ардчилсан засаглал тогтсоны дараа тэр суллагдаж, 1989 онд хамтран тэмцэж явсан нөхдийн хамт Ард Түмний Оролцооны Хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд удалгүй хууль тогтоох байгууллагын сонгуульд амжилттай оролцож, улс төрийн нөлөө бүхий дүр болсон юм.

2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, хоёр дахь шатанд ялалт байгуулж, 2010 оноос 2015 он хүртэл Уругвай улсын төрийн тэргүүнээр ажилласан. Түүний удирдлагын жилүүдэд Уругвайн эдийн засаг өсөж, нийгмийн салбарт томоохон шинэчлэлтүүд хийгдсэн. Үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан төдийгүй Уругвай улс каннабисыг зугаа цэнгээний зорилгоор хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон юм.

2012 онд CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр тэр өөрийн амьдралын хэв маягийг дэлгэж, амьдардаг фермээ үзүүлэн, ургуулсан ногоо, жимсээ танилцуулж, хуучин Volkswagen Beetle машинаар хөдөө хээр явж буй дүрээрээ олны хайрыг татсан. Тухайн үед хэвлэл мэдээллүүд түүнийг “дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” хэмээн нэрлэж байсан ч, тэр өөрийгөө ийм байдлаар тодорхойлохыг зөвшөөрөөгүй.

2014 онд өгсөн ярилцлагадаа тэр ядуу хүн гэдэг нь амьдралд нь үргэлж ямар нэг зүйл дутуу байдаг хүнийг хэлдэг болохыг тайлбарлаж, өөрийгөө харин гэгээрсэн ерөнхийлөгч гэж тодорхойлсон. Түүний философи нь Ромын философич Сенекагийн үзэл санаанд тулгуурладаг бөгөөд ерөнхийлөгч болохоосоо өмнөх амьдралаар л одоо ч амьдарч байгаагаа онцолж, өөрт нь хэрэгцээт зүйл төдийлөн байдаггүй хэмээн хэлж байжээ.

2024 оны дөрөвдүгээр сард түүнд улаан хоолойн хорт хавдар оношлогдсон бөгөөд энэ оны эхээр эмчилгээ хийлгэхээс татгалзаж, үлдсэн амьдралаа тайван, ганцаараа өнгөрөөхөөр шийдсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here