Ирэх бямба гарагт Их Британийн хаан Чарльз хөлбөмбөгийн домогт тоглогч Дэвид Бекхэмд “Сэр” хэргэм олгохоор болсон байна. Энэ бол улс орныхоо өмнө нэр төртэй гавьяа байгуулсан цөөн эрхэмд олгодог хүндэт цол бөгөөд Бекхэм 50 насныхаа босгон дээр энэхүү шагналыг хүртэх юм.
Тэрээр саяхан “CBS”-т өгсөн ярилцлагадаа Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болох хүсэлтэйгээ илэн далангүй хуваалцжээ. “Миний хүсэж байгаа ганц ажил бол одоо эх орныхоо шигшээ багийг удирдах. Магадгүй 10 жилийн дараа хүсэл минь биелж мэдэх юм. Ямартай ч одоохондоо шууд үсэрч очоод энэ ажлыг хийчихье гэж яарахгүй” хэмээн хэлсэн тэрбээр, энэ албыг хашихын тулд туршлага, хүндлэл хэрэгтэйг онцолсон байна.
Бекхэм, шигшээ багийн одоогийн дасгалжуулагч Гарет Саутгэйтийн ажлын арга барилыг өндрөөр үнэлж, “Саутгэйтийн удирдлага дор үзэгчид “Уэмбли”-д дахин цугларч, шигшээ багийнхаа амжилтад бахархах болсон. Тэр үнэхээр үр дүнтэй ажилласан” гэж дүгнэжээ.
Түүнчлэн тэрээр өмнө нь багийн дасгалжуулагч болох тухай бодож байгаагүй ч академийн хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой байсан гэдгээ дурдсан байна. Харин Парисын олимпод Францын шигшээг удирдаж буй хуучны анд Тьерри Анриг харсны дараа өөрөө ч дасгалжуулагч болох хүсэл төрснийг нуусангүй.
Мөн тэрбээр өөрийн байгуулсан “Интер Майами” клубийн талаар ярихдаа, Месси, Суарес зэрэг ододтой хамт тогломоор санагддаг ч тэдний дасгалжуулагч болох бодолгүй гэдгээ илэрхийлжээ. “Мессид юу хийхийг нь заах хэрэг үү? Тийм ажлыг төсөөлөх ч хэцүү” хэмээн хошигножээ.
Английн шигшээг одоо удирдаж буй герман мэргэжилтэн Томас Тухель сүүлийн үед шүүмжлэлд өртөөд байгаа. Тухель Дэлхийн чансааны 173-д бичигддэг Андоррагийн багийг 1:0-ээр хожсоныхоо дараа тоглогчдоо илт хайхрамжгүй байдал гаргасан гэж шуудхан шүүмжилсэн юм. Тоглолтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр “Муу тоглосны бурууг ганц хоёр хөлбөмбөгчид тохохгүй. Би хэн нэгнийг магтах ч, хаацайлах ч хэрэггүй. Бид бүгд шүүмжлэлийг хүлээж авч, сайжрах ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Гэсэн ч Тухелийн удирдлагын дор багийн тоглолт сайжрахгүй байгаа нь ДАШТ-ийг угтаж буй энэ үед эргэлзээ төрүүлж эхэлсэн талаар Английн хэвлэлүүд онцолж, жинхэнэ нөлөө нь харагдахгүй байгааг сануулсаар байна.

Бекхэмийг дасгалжуулагчаар нь харах сонирхолтой байх болно. Тэр сэтгэл татам, туршлагатай
Магадгүй шинэ арга барил нь багт хэрэгтэй байх. Яагаад боломж олгож болохгүй гэж?