Монголын ард түмний бахархал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын алдар цуут амжилтыг мөнхлөн үлдээх гэрэлт хөшөөний нээлтийн ёслол өнөөдөр болж, түүний нэр хүнд, эх оронч сэтгэл, спортын гавьяаг олон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүллээ.
Ж.Мөнхбат нь Монгол Улсыг тив, дэлхийд нэртэй тамирчин болгож, 1967 онд Энэтхэгийн Дели хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын анхны хүрэл медалийг, 1968 оны Мехикогийн Олимпоос Монгол Улсын анхны олимпын мөнгөн медалийг авчирсан, үнэхээрийн домогт бөх билээ.
Гэрэлт хөшөөний нээлтийн арга хэмжээнд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган нар оролцож, Ж.Мөнхбат аваргын гавьяаг хүндэтгэн дурслаа.
Тэдний зүгээс Ж.Мөнхбат аваргын оюун ухаан, бие бялдар, эх оронч сэтгэл нь өнөө үеийн залуу тамирчдад үнэт өв болон үлдэх ёстойг онцолж, энэхүү хөшөө нь Монголын спортын түүхэнд төдийгүй үндэстний бахархлын нэгэн бэлгэдэл болсон чухал үйл явдал хэмээн тэмдэглэж байв.
Ж.Мөнхбат аваргын нэр алдар, бахархалт амжилт үеийн үед дуурсагдаж, Монголын спортын түүхэнд мөнхрөн үлдэх нь дамжиггүй юм.