Франц, Лондон, Нью-Йоркоос дутахааргүй архитектурын туршилтуудаар гайхагддаг Дубай хотод дахин нэг ирээдүйн хот мэт барилга сүндэрлэн босохоор болж байна. Заха Хадид Архитекторуудын баг экзоскелет бүтэцтэй, аварга дэнж, тагтууд бүхий орон сууцны тэнгэр баганадсан шинэ барилга “Симфони цамхаг”-ийн төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү цамхаг нь Дубай хотын төвийн ойролцоо хөгжиж буй Horizon нэртэй шинэ хороололд байрлана.
Хэзээ ч барилга барихаа болидоггүй хотын шинэ “гоёл”
“Хэзээ ч унтаддаггүй” Нью-Йорктой адилхан, Дубайг “хэзээ ч барилга барихаа больдоггүй хот” гэж хочлох нь бий. Тэр тусмаа Симфони цамхаг нь энэ имиджийг улам бататгах бүтээн байгуулалт болох юм.
Тэгш өнцөгт хэлбэр бүхий энэхүү цамхаг асар том суурь дээр тогтох бөгөөд хамгийн онцгой хэсэг нь гадна талынээ ил гаргасан ачаалал даах араг яс буюу экзоскелет бүтэц юм. Энэ экзоскелет нь зөвхөн хийцийн шийдэл биш, мөн Дубайн хэт халуун уур амьсгалаас хамгаалах зорилготой. Нарны халалтыг сааруулж, сүүдэртэй, салхилах боломжтой задгай дэнж, том тагтууд үүсгэн, барилгын нүүрийг бүхэлд нь “амьсгалж буй” мэт болгож өгнө.
Ийм төрлийн шийдэл Заха Хадид Архитекторуудын бүтээсэн алдарт Морфеус зочид буудлын хийцтэй тодорхой хэмжээнд төстэй хэдий ч Симфони цамхаг нь илүү тайван, нам гүм хэлбэртэй, хэтэрхий “галзуу” футурист муруйгаас татгалзсан нь онцлог. Студийн өмнөх өндөр зэрэглэлийн төслүүд болох Идан төв, Ситизен цамхагтай харьцуулахад энэ удаагийн барилга нь орон нутгийн уламжлалаас илүү их сэдэл авчээ. Цамхагийг Imtiaz Developments компани хэрэгжүүлж байгаа боловч ашиглалтад орох тодорхой хугацааг хараахан зарлаагүй байна.
Эмирати хатгамлын геометрыг шил, бетонд “орчуулсан” фасад
Архитекторуудын тайлбарласнаар, Симфони цамхагийн гаднах араг яс нь Эмиратын уламжлалт гар урлал болох Аль Саду, Талли нарын гурван хэмжээст геометр, нарийн хатгамлын техникээс урам авсан. Эдгээр нь металл утсаар нэхэх, нарийн хээ угалзыг бий болгодгоороо алдартай.
Цамхагийн фасад дээр хоорондоо холбогдсон шугаман бүтэц, сүлжээс мэт мотивууд үүсгэснээр өдрийн турш нарны байр өөрчлөгдөхөд барилгын өнгө аяс, сүүдэр, гүн нь байнга хувирч, гялалзсан хувцас шиг “амьд” гадаргуу бий болгоно гэж студи онцолжээ.
42 давхар тансаг орон сууц, хувийн усан сан, шилэн хананууд
Цамхагийн яг хэдэн метр өндөр болохыг албан ёсоор тодорхойлоогүй байгаа ч нийт 42 давхрын ихэнхийг орон сууцанд зориулна гэдгийг Imtiaz Developments мэдэгдсэн. Дотоод зохион байгуулалтын талаарх нээлттэй мэдээлэл одоогоор бага ч нийтэлсэн анхны дүрслэлээс харахад шалнаас тааз хүртэл үргэлжилсэн шилэн хана, цөөн боловч өндөр зэрэглэлийн материалын сонголт давамгай байх аж.
Тавилгууд нь бараг л “luxury showroom”-ын түвшинд байх төлөвтэй бөгөөд доторх минимал хийцтэй орчин нь гаднах хэт нарийн геометртэй фасадтай сонирхолтой эсрэгцэл үүсгэнэ. Урьдчилсан дүрслэлүүдээс харахад тохижилттой өргөн тагт, хувийн усан сан бүхий айлууд, спорт заал, олон тооны усан сан, клубын байшин зэрэг нийтийн талбайтай байх нь тодорхой болсон.
Архитекторуудын хэлснээр “42 давхарын турш байрлах олон төрлийн гадаад орон зай нь бараг бүх орон сууцанд задгай дэнж, гадаа амьдрах талбайг олгоно. Гаднах араг ясны тор, түүний үүсгэж буй өөр өөр гүн, түвшин нь фасад бүр дээр өвөрмөц хэмнэл, өөр өөр хээ бий болгож, Эмиратын гар урчуудын урласан хатгамлын нарийвчлал, ур дүйг санагдуулдаг” гэжээ.
“Ногоон биш” өндөр барилгыг аль болох бага ул мөртэй болгох оролдлого
Орчин үеийн модон өндөр барилгуудаас бусдын хувьд жинхэнэ утгаараа “ногоон тэнгэр баганадсан байшин” гэж хэлэхэд тун бэрх. Гэсэн ч Заха Хадид Архитекторууд Симфони цамхагт тогтвортой технологи, инженерийн шийдлүүдийг шингээж, хотын сүлжээнээс хамаарах эрчим хүчний хэрэглээгээ аль болох бууруулахыг зорьжээ.
Барилгын дээвэр болон зарим фасадад нарны хавтан суурилуулж, барилгын нийт гэрэлтүүлгийн хэрэглээний тодорхой хэсгийг бие даан хангах төлөвтэй байна. Үүнээс гадна бохир усыг дахин ашиглах систем нэвтрүүлснээр усны хэрэглээг оновчтой болгоно.
Барилгын үндсэн бүтцэд “бага нүүрстөрөгчийн” бетон гэх ангилалд ордог технологи ашиглаж, CO₂ ялгарлыг багасгасан материалаар цутгахыг зорьсон. Үүнд дахин боловсруулсан ган оруулга, модульчлагдсан угсралтын арга ашигласнаар барилгын явцад гарах хог хаягдлыг багасгах боломж бүрдэнэ. Тохижилтын хувьд орон нутгийн хуурай уур амьсгалд тэсвэртэй ургамлыг сонгосноор усалгааны ачааллыг мөн бууруулна.
Дубай: агаарын такси, техно баянбүрд, одоо “дотоод талын цамхаг”
Дубай сүүлийн арван жилийн турш ирээдүйн хотын төсөл, дээд түвшний технологийн туршилтуудыг цуврал болгон хэрэгжүүлж байна. Хот 2026 оноос агаарын таксины үйлчилгээ нээхээр төлөвлөж буйгаа зарласан бөгөөд түүнээс ч өмнө хяналттай уур амьсгалтай “техно баянбүрд” байгуулах хөтөлбөрийг эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар цасан гудамж, дотор цанын бааз бүхий цасан хот аль хэдийн ажиллаж, халуун элсэн цөлийн дунд өвлийн үлгэр мэт орон зай үүсгээд байна. Харин одоо энэ “үлгэрийн хот”-ын нүүр царай дээр шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг мэт аварга дэнжтэй, экзоскелет гадартай, дотоод талдаа тансаг орон сууц, гадна талдаа уламжлалт хатгамлын геометрыг шингээсэн Симфони цамхаг нэмэгдэх гэж байна.
Дубай барилга барихаа хэзээ зогсоохыг хэн ч мэдэхгүй. Харин энэ удаагийн “дотоод талын цамхаг” нь хотын ирээдүйг зураглах дараагийн том шугам байх магадлалтай.





