Санаанд оромгүй шинэ трэнд хэрхэн эхэлсэн бэ
Хятадад Хаврын баяр ойртох тусам нэгэн сонин бэлгэдэл цахим орчинд эрчимтэй тархаж байна. Энэ удаад хүмүүсийн “аз, ерөөл”-тэй холбож үзсэн дүр нь “Harry Potter” цувралын Драко Малфой болжээ. Драко Малфойн дүрийг бүтээсэн жүжигчин Том Фелтоны нүүр царайтай баярын гоёл чимэглэлүүд Хятадын зарим айлуудын Сар шинийн чимэглэлд хүртэл ашиглагдаж, улмаар цахим худалдааны платформуудаар худалдаалагдаж эхэлсэн байна.
Нэрийн галиг, уламжлалт “фу” тэмдэгтэй холбогдсон тайлбар
Энэ чиг хандлагын цаад шалтгааныг зарим хүмүүс “Малфой” гэдэг нэрийн хятад галигтай холбон тайлбарлажээ. Тухайлбал, “Малфой” нэрийг хятадаар галиглахад Ма-эр-фу гэж дуудагддагтай энэ нь холбоотой гэж үзэж байна. Тус нэрэнд “морь” болон “аз, буян” гэсэн утгатай үгс багтаж байгаа тул ирэх Морин жил онцгой сайн байхыг бэлгэдэж байгаа бололтой.
Хаврын баярын өмнө Хятадын айл өрхүүд хаалгандаа аз, эрүүл мэнд, элбэг дэлбэг байдлыг бэлгэдсэн улаан хос бичээс өлгөдөг уламжлалтай. Мөн “аз жаргал” гэсэн утгатай “фу” хэмээх улаан дөрвөлжин цаасан тэмдгийг хэрэглэдэг. Үүнийг ихэвчлэн доош нь харуулж өлгөдөг бөгөөд ингэснээр “аз ирлээ” гэсэн утгыг илэрхийлдэг. Учир нь “доош” болон “ирэх” гэдэг үгс хятад хэлэнд ижил дуудагддаг байна. Энэ жилийн хувьд зарим хүн уламжлалт тэмдгийн оронд Драко Малфойн инээмсэглэлтэй зургуудыг мөн адил доош нь харуулан нааж, аз дуудаж байна гэж тайлбарлажээ.
Сошиал шуугиан, Том Фелтоны реакц, цаашдын төлөв
Олон хүн “Энэ зургийг хуваалцвал аз ирнэ” хэмээн цахим сүлжээнд нийтэлж, трэндийг улам тэлсэн байна. “Taobao” зэрэг платформууд ч энэ давалгааг ашиглаж, Малфойн зурагтай бэлгэдлийн наадаг тэмдэг, соронз зэрэг бүтээгдэхүүн худалдаалж эхэлжээ. “Weibo” дээр нэгэн хэрэглэгч “Дорнын шинэ жил ид шидтэй хосоллоо” хэмээн бичсэн бол өөр нэгэн цахим хэрэглэгч “Драко баян, угсаа гарал сайтай айлын хүү. Волдемортын туслахууд бүгд үхэж, үрэгдэж байхад Драко Малфой ганцаараа эсэн мэнд үлдэж, амьдралаа үргэлжлүүлсэн. Тиймээс Драко Малфой морин жилийн аз ерөөл мөн гэсэн үг. Тэр үнэхээр азтай бас баян!” гэж тайлбарлажээ.
Энэхүү Малфойн сэдэвт Хаврын баярын чимэглэл жүжигчин Том Фелтоны анхаарлыг ч татаж, өөрийн дүр нь Хятадад бэлгэдэл болсон тухай “Instagram” дээр дахин хуваалцсан байна. Түүний хариу үйлдэл Хятадын цахим орчинд улам их шуугиан тарьж, шүтэн бишрэгчид “Малфой өөрөө 100 хувь дуртай байна” хэмээн магтжээ. “Harry Potter” цуврал Хятадад асар олон шүтэн бишрэгчтэй хэвээр бөгөөд “Warner Bros Discovery” компани 2027 онд Шанхайд дэлхийн хамгийн том “Making Of Harry Potter” студийн аяллын төвийг нээхээр төлөвлөж байна.






