Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) захирал Э.Анхбаяр улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр 2025 оны хоёрдугаар сарын 18-наас хойш улсын хэмжээнд улаанбурханы 1756 тохиолдол бүртгэгдсэнээс 1199 тохиолдол эдгэрсэн талаар мэдээлэв.
Нийт 11 аймагт өвчлөл бүртгэгдээд байгаа бөгөөд нийт тохиолдлын 73 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Насны хувьд өвчлөгсдийн дийлэнхийг 10-14 насны хүүхдүүд (ойролцоогоор 40%) эзэлж байгаа бол одоогоор 264 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Э.Анхбаяр захирал хэлэхдээ, “Өвчлөл нэмэгдэхийн хэрээр хүндрэлийн тоо ч дагаад өсч байна. Өнөөдөр үүрээр дархлаажуулалтын насанд хүрээгүй, 4 сартай нярай улаанбурхан өвчний улмаас эндлээ. Тухайн хүүхэд сар орчим хугацаанд хатгалгаа туссан байсан бөгөөд 2–3 эмнэлгээр дамжсан, маш хүнд байдалтай ирсэн” хэмээн онцолж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийллээ.
Тэрээр мөн “Дархлаажуулалтын нас нь болоогүй нярай хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүүхдүүд улаанбурханаар өвчлөхөд хүндрэл, эндэх эрсдэл өндөр байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ заавал дархлаажуулалтад бүрэн хамруулах шаардлагатай” хэмээн уриалав.
Вакцин хийлгэхээс айхгүй байхын тулд эцэг эхчүүдэд илүү их мэдээлэл хэрэгтэй
Бидний үед ч ийм эрсдэл байсаар байгаа нь харамсалтай. Нөхцөл байдал сайжирна гэж найдаж байна