Төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Business” платформыг мобайл хувилбартай болгосныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллээ. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн байгууллагад очихгүйгээр олон төрлийн үйлчилгээг шууд гар утаснаасаа авах нөхцөл бүрджээ.
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын нэг гол бүтээгдэхүүн нь “E-Business” мобайл аппликейшн болж байна. Шинэ аппликейшн ашигласнаар өнөөгийн байдлаар нийт 953 төрлийн төрийн үйлчилгээг утсаараа авах боломжтой гэж ЦХИХХЯ онцлов.
“E-Business” аппликейшнээр дамжуулан төрд бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөрийн байгууллагын бүртгэлийн мэдээллийг гар утаснаасаа хянах, удирдах, 29 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг түргэн шуурхай татан авах боломжтой. Мөн хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар автоматаар шүүж, богино хугацаанд шийдвэрлэдэг болсон нь бизнес эрхлэгчдэд цаг хугацаа, зардал хэмнэх томоохон дэвшил болж байна.






Төрийн үйлчилгээ ингэж дижитал болох нь зөв