Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа. Тэдний нэг нь Монгол Улсын Их Сургуулийн доктор, профессор Э.Гүргэмжав юм. Тэрбээр Монгол Улсын Гавьяат багш хэмээх нэр хүндтэй цол тэмдгээр шагнуулжээ.
Э.Гүргэмжав нь МУИС-д 40 жилийн турш тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд багш, орлогч декан, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга, дэд захирлын зэрэг олон чухал албан тушаал хашсан байна. Тэрээр их сургуулийн сургалт, удирдлага, хөгжлийн чиглэлээр идэвхтэй ажиллаж, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг өмнө нь ч үнэлж байсан бөгөөд 2002 онд “Алтан гадас” одон, 2012 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор шагнагдаж байв.