Олон нийтийн газар эхнэрээ хэрцгийгээр зодож буй эрэгтэйн бичлэг цахим орчинд түгсэнтэй холбоотойгоор уг хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэ хэрэг нь тавдугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнө гарсан бөгөөд Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж буй аж.
Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч бүсгүй “гомдолгүй” гэх мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл тархаж буйтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газраас дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал, “Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ хохирогч ‘гомдолгүй’ гэж мэдүүлсэн ч уг үйлдэл нь эрүүгийн шинжтэй, олон нийтийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй тул хэрэгсэхгүй болохгүй. Хуулийн дагуу холбогдох этгээдэд хариуцлага тооцох ажиллагаа явагдана” гэж мэдэгдсэн байна.
Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн хохирогчийн гомдолд тулгуурлан шийдэгддэггүй, тодорхой нөхцөлд гомдолгүй байсан ч хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэдгийг дахин санууллаа.