Тусгай ажиллагааны үеэр шархадсан байдалтай баривчлагдаад нас баржээ
Мексикийн хамгийн нэр нөлөөтэй хар тамхины бүлэглэлийн толгойлогчдын нэг Немесио Осегера буюу “Эл Менчо”-г цэргийн тусгай ажиллагааны явцад устгасан тухай мэдээлэл гарлаа. Үүний дараа өшөө авах шинжтэй халдлагууд хэд хэдэн бүсэд зэрэг эхэлж, нөхцөл байдал хурцдаад байна.
Вашингтоны зүгээс хар тамхины картелууд, тэр дундаа нийлэг опиоид болох фентанил үйлдвэрлэж АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг сүлжээний эсрэг тэмцлээ эрчимжүүлэхийг Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумаас удаа дараа шаардаж ирсэн нөхцөлд энэ ажиллагаа явагджээ.
Мексикийн Батлан хамгаалах яамны мэдээллээр “Халискогийн шинэ үе” картелийн толгойлогч, 60 настай Осегера тусгай ажиллагааны үеэр шархадсан бөгөөд баривчлагдсан байхдаа нас барсан байна. Ажиллагааг Номхон далайн эрэг орчмын Халиско мужийн Тапальпа хотод тусгай хүчнийхэн явуулсан гэж мэдээлжээ. Түүний цогцсыг өчигдөр үдээс хойш Үндэсний гвардийн өндөр хамгаалалт дор Мехико хотод авчирсан байна.
Автомашин шатаалт, зам хаалт, нислэгүүдийн түр зогсолт
Энэ ажиллагаанд АНУ-ын талаас тагнуулын дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд тухайн улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч “АНУ-ын цэргийнхнээр ахлуулсан шинэ тусгай анги” чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ярьсан талаар дурджээ. Харин Мексикийн Батлан хамгаалах яам АНУ-аас зөвхөн “нэмэлт мэдээлэл” авсан гэж мэдэгдсэн байна.
“Эл Менчо” амь үрэгдсэн тухай мэдээлэл тарсны дараа картелийн гишүүд хэд хэдэн мужид автомашин шатааж, хурдны замуудыг хаасан байна. Мөн худалдаа, үйлчилгээний газруудыг галдан шатаасан талаар мэдээлэгдэжээ. Одоогоор энгийн иргэд амь үрэгдсэн гэх баталгаатай мэдээлэл гараагүй байна.
Халиско мужийн далайн эргийн алдарт амралтын бүс Пуэрто Вальяртагийн орчимд өтгөн хар утаа суунагласан бөгөөд айж сандарсан жуулчид нөхцөл байдлыг “дайны бүс” мэт харагдсан тухай цахим сүлжээнд бичжээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Air Canada”, “United Airlines”, “Aeromexico”, “American Airlines” компаниуд тус бүс рүү хийх нислэгээ түр хугацаанд зогсоосон байна.





