Баривчилгааны ажиллагаа, шархдан нас барсан мэдээлэл
Ням гарагт Мексикийн эрх баригчид Халискогийн Шинэ Үеийнхэн (CJNG) картелын толгойлогч, “Эль Менчо” хочит Немесио Рубен Осегуэра Сервантесыг баривчлах ажиллагаа зохион байгуулсан байна. Энэ ажиллагаанд АНУ-ын тагнуулын байгууллагын өгсөн мэдээлэл тус болсон гэж мэдээллээ. 59 настай Эль Менчо баривчлагдах үеэр хүнд шархдаж, нийслэл Мехико хотод хүргэгдсэний дараа нас барсан байна. Тэрээр Мексикийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнүүдийн нэг бөгөөд толгой нь 15 сая ам.доллараар үнэлэгдэж байжээ.
CJNG нь АНУ руу кокаин, метафетамин, фентанил зэрэг мансууруулах бодисыг хууль бусаар их хэмжээгээр нийлүүлэх ажиллагааг зохион байгуулдаг гэмт хэргийн бүлэглэл гэж үздэг.
Нууц байрлал, буудалцаан, хохирлын тоо
Эрх баригчдын мэдээлснээр Эль Менчогийн романтик харилцааны хамтрагчийг мөрдөх явцдаа Халиско мужийн Тапалпа гэх жижиг хот орчимд байрлах нууц байршлыг тогтоожээ. Түүнийг тэнд байх үед нь ажиллагаа эхэлж, цэргүүд ой модон дунд байрлах байшинг бүсэлснээр бие хамгаалагчидтай нь буудалцаан болсон байна. Эль Менчо ойролцоох мод руу зугтсан ч шархадсаны улмаас баригдсан гэжээ.
Мексикийн батлан хамгаалах яамны мэдээллээр ажиллагааны үеэр түүний долоон бие хамгаалагч алагдаж, хоёр цэргийн алба хаагч шархадсан байна.
Үхлийн дараах өшөө авалт: зам хаалт, халдлага, галдан шатаалт
Эль Менчо алагдсан тухай мэдээлэл тарсны дараа Мексик даяар картелын гишүүдийн өшөө авалтын ажиллагаа эхэлжээ. Халиско, Мичоакан болон бусад мужуудад цагдаагийн хэсгийн байруудад халдах, автомашинуудыг галдан шатаах, гол замуудыг хаах зэрэг үйлдлүүд өрнөсөн байна. Мэдээллээр Мексик даяар нийт 100 орчим гол замыг хаасан гэжээ.
Мексикийн аюулаас хамгаалах яамны сайд Омар Гарсиа Харфучийн мэдээлснээр үймээний үеэр үндэсний гвардын 25 алба хаагч алагдаж, 14 нь шархадсан байна. Харин картелын талаас 34 хүн болон нэг энгийн иргэн амиа алдсан гэж мэдээлжээ. Үүнээс гадна Мексик даяар 70 гаруй хүнийг баривчилсан байна.
“Эль Тули”-гийн нэр, амлалтад холбоотой мэдээлэл
Батлан хамгаалахын сайд Рикардо Тревила Трехогийн мэдээлснээр Эль Менчогийн шадар хүн “Эль Тули” хочит Уго Сезар Масиас Уреньа өшөө авах ажиллагааг удирдаж, алагдсан цэрэг бүрийн тоогоор картелын гишүүдийг шагнана гэж амласан гэх мэдээлэл байна. Тэр өөрөө өчигдрийн мөргөлдөөний үеэр амиа алдсан гэжээ.
Зам нээгдсэн ч айдас арилаагүй, хязгаарлалт үргэлжилж байна
Даваа гарагийн байдлаар эрх баригчид Мексик даяар хаагдсан бүх замыг нээж чадсанаа мэдээлжээ.
“Мексик улсад амар амгалан тогтсон, бид бүх мужуудад ажиллаж байна” гэж тус улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум мэдэгдсэн юм.
Гэсэн ч Мичоакан мужид тээврийн хэрэгсэл шатаах үйлдэл үргэлжилж, ихэнх мужуудад сургуулиуд хаалттай хэвээр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Үймээн дэгдсэний дараа CJNG картелын төв байрладаг Халиско мужийн захирагч Пабло Лемус Наварро нийтийн тээврийн үйл ажиллагааг түр зогсоож, мужийн найман сая орчим иргэнд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.






Нөхцөл байдал нэлээд хүнд байгаа бололтой
Зам хаалт тасрахгүй байгаа нь аймшигтай юм