Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалинг ирэх онд багтаан 3 сая төгрөгт хүргэхээр ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн газрын хуралдааны дараа мэдээллээ.
Цалинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ
Сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ:
“Ирэх онд цалинг гурван удаа үе шаттай нэмэгдүүлнэ. Ингэснээр 2026 оны арванхоёрдугаар сарын 1 гэхэд эмч, эмнэлгийн ажилчдын цалин одоогийнхоос 75 хувиар өснө. Мөн 2027 оныг ‘Эрүүл мэндийг дэмжих жил’ болгон зарласантай холбогдуулж, тухайн онд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэнэ,”
гэж онцоллоо.
Санхүүжилтийг дотоод эх үүсвэрээс гаргана
Тэрбээр цалин нэмэгдүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдэхээр төлөвлөж байгааг дурдав.
- 191 тэрбум төгрөгийг урсгал зардлыг танах замаар гаргана — энэ нь нийт 15 хувийн нэмэгдлийн санхүүжилт болно.
- 157 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлыг хасах, үйлчилгээг оновчтой болгох замаар бүрдүүлэхээр тооцож байна.
ҮЭ-д танилцуулах санал
Энэхүү төлөвлөгөөг өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд танилцуулж, холбогдох хэлэлцүүлгийг явуулах юм байна.





