Хятадын эрдэмтэд генийн өөрчлөлттэй гахайгаас хүний биед уушгийг шилжүүлэн суулгах дэлхийн анхны туршилтыг хийжээ. Туршилтыг Гуанжоу хотод тархины үхэл нь албан ёсоор батлагдсан 39 настай эрэгтэйн цогцсыг ашиглан гүйцэтгэсэн байна. Судалгааны үр дүнг Nature Medicine сэтгүүлд нийтэлжээ.
Туршилтын явц
Өвчтөнд гахайны зүүн уушгийг шилжүүлэн суулгаж, баруун уушгийг нь хэвээр үлдээсэн. CRISPR ген засварлах технологийн тусламжтайгаар гахайн гурван генийг унтрааж, хүний гурван генийг нэгтгэсэнээр дархлааны нийцтэй байдлыг сайжруулсан байна.
Дархлаа дарангуйлах эмчилгээний нөлөөгөөр эхний мөчид хурц татгалзлын урвал илрээгүй ч нэг өдрийн дараа хавдар, үрэвслийн шинж тэмдэг илэрч, гурав дахь өдрөөс эсрэгбие үүсч эхэлжээ. Гэсэн хэдий ч шилжүүлэн суулгасан уушиг есөн өдрийн турш амжилттай ажилласан бөгөөд ар гэрийн хүсэлтээр туршилтыг зогсоосон байна.
Яагаад уушиг хамгийн хэцүү вэ?
Судлаачдын хэлснээр уушиг нь ксенотрансплантацид хамгийн хүнд сорилттой эрхтэн юм. Учир нь:
- Байгаль орчинтой байнга шууд харьцдаг
- Дархлааны хамгаалалтын уураг ихээр агуулдаг
- Хийн солилцооны нарийн бүтэц нь багахан үрэвслээс ч амархан гэмтдэг
Судалгааны ач холбогдол
Эрдэмтэд энэ удаад эмнэлзүйн хэрэглээний зорилго тавиагүй ч дархлааны хариу урвал, физиологийн болон генетикийн бэрхшээлүүдийг ойлгоход том алхам боллоо гэж дүгнэж байна. Цаашдын судалгаа нь шилжүүлэн суулгасан эрхтэн удаан хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг олоход чиглэх ажээ.
Туршилтанд оролцоогүй мэргэжилтнүүд ч энэ ажлыг өндрөөр үнэлж, “Тархины үхэлтэй өвчтөн дээр хийсэн ийм туршилт хүний биеийн бодит хариу үйлдлийг харах боломж олгодог бөгөөд амьтны загвараас ялгаатай нь илүү бодитой үр дүн өгдөг” хэмээн онцолжээ.