Чарльз хааны төрсөн дүү, Их Британийн хаан ширээ залгамжлах дарааллын наймдугаарт бичигддэг хунтайж асан Эндрью 66 насны төрсөн өдрөөрөө цагдаа нарт түр саатуулагдсан тухай мэдээлэл дэгдэв.
Тэрээр олон жилийн турш нас барсан бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй нэр холбогдож ирсэн бөгөөд үүний улмаас өнгөрсөн онд язгууртны цол, цэргийн хэргэмээ хураалгаж, хааны гэр бүлийн гол үүргээс фактаар хөндийрсөн билээ.
Энэ удаагийн мөрдөн шалгалтаар хууль хяналтын байгууллага Эндрьюг Их Британийн худалдааны элчээр ажиллаж байсан хугацаандаа Эпштейнтэй холбоотойгоор нууц мэдээлэл дамжуулсан байж болзошгүй гэж үзэн саатуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Хаант засаглалыг дэмжигчдийн байр суурь, Трампын хариу мэдэгдэл
Британийн хаант засаглалыг дэмжигч олон иргэн Эндрьюг саатуулсныг зөв алхам хэмээн үзэж, энэ нь “язгууртны гэр бүлийн гишүүдэд ч хууль ижил үйлчилдгийг харууллаа” гэж сайшааж байна. Тэдний хувьд хааны гэр бүлийн нэр хүндийг олон жил шүүмжлэл дагуулсан Эпштейнтэй холбоотой маргаантай асуудлуудын талаар тодорхой хариуцлага яригдаж эхэлж буй нь эерэг дохио гэж тайлбарлагдаж байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп уг явдалд сөрөг байр суурь илэрхийлжээ. Тэр хэвлэл мэдээлэлд:
“Энэ бол ичмээр зүйл. Энэ бол маш их харамсалтай зүйл. Хааны гэр бүлд маш муу зүйл боллоо. Би маш их, маш их харамсаж байна”
хэмээн онгоцондоо сэтгүүлчидтэй ярилцахдаа хэлсэн гэж дамжуулсан байна.
Мэдээлснээр өчигдөр орой цагдаа нар хунтайж асны эзэмшлийн Норфолк дахь үл хөдлөх хөрөнгө, Сэндринхэм дэх орон сууцанд нэгжлэг хийсний дараа түүнийг суллан явуулжээ. Эйлшам хотын цагдаагийн хэсгээс автомашины арын суудлаас бууж байгаа Эндрьюг хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид дуранд буулгасан байна.
Эпштейнтэй холбогдсон өмнөх маргаан, нууц баримтын шалгалт
Эндрью хунтайж Эпштейнтэй холбоотой шүүмжлэлд олон жилийн турш өртөж ирсэн ч өөрийн талаас ямар нэгэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагүй. Гэсэн хэдий ч 2022 онд Эпштейний хэргүүдийн нэгэн хохирогч Виржиниа Жюффретэй олон сая фунт стерлингийн худалдааны нууц тохиролцоонд хүрснээр шүүхийн ил тод шүүн таслах ажиллагаанаас ангид үлдэж, хуулийн хариуцлагаас мултарсан гэж үзэгдсэн.
Одоогийн мөрдөн шалгалтын хүрээнд цагдаагийн байгууллагын эх сурвалжууд Эпштейний хэргүүдтэй холбоотойгоор шинээр ил болсон баримтуудаас Эндрьютэй холбогдох бусад болзошгүй гэмт хэргийн ул мөрийг нягталж, нэмэлт нотолгоо цуглуулж буйгаа дурдсан байна. Ялангуяа тэр 2001–2011 онуудын хооронд Их Британийн худалдааны элчээр ажиллаж байсан хугацаандаа гадаадын нөлөөтэй этгээдүүдэд ашигтай байж болох мэдээлэл дамжуулсан эсэх асуудлыг онцгойлон шалгаж байгаа гэх мэдээлэл гарчээ.
Хааны гэр бүлийн түүхэн шок: цагдаа нарт саатуулагдсан анхны язгууртан
Бүрэн нэршлээрээ Эндрью Маунтбаттен-Уиндсор нь хатан хаан агсан Хоёрдугаар Элизабетын гурав дахь хүүхэд, хоёр дахь хүү юм. Түүний нэр өмнө нь цэргийн алба, олон улсын худалдааны албан тушаал, ордны албан үүргийг хослуулсан язгууртан хэмээн хэвлэлд гарч ирдэг байсан бол одоо Эпштейнтэй холбоотой дуулиан, мөрдөн шалгалтын төвд олон жил оршиж байна.
Одоогийн мэдээллээр тэр орчин үеийн Их Британийн түүхэнд албан ёсны журмаар цагдаа нарт саатуулагдсан дээд зиндааны язгууртнуудын анхны тод жишээ болон бичигдэж байна. Энэ нь хааны гэр бүлийг тойрсон хууль, хариуцлага, ил тод байдлын тухай маргааныг илүү эрчимтэй хэлэлцэх шалтгаан болж байна.
Эпштейнтэй холбоотой шинэ баримт, мөрдөн шалгалтын явц цаашид хэрхэн өрнөх, Эндрью хунтайжийн хууль эрх зүйн байдал ямар чиглэлд өөрчлөгдөх нь олон улсын хэвлэл, олон нийтийн анхаарлын төвд үлдэх төлөвтэй байна.





