2025–2026 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг хүлээн авахгүй байхаар болжээ. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар дархлаажуулалтын явцад хяналт тавьж, есдүгээр сараас өмнө нөхөн вакцинжуулалтыг гүйцэтгэх үүрэг хүлээгээд байна.
Энэ нь тун тодорхой мессеж агуулж байгаа бөгөөд таны хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүй тохиолдолд түүнийг шинээр элсүүлэх, сургуульд үргэлжлүүлэн суралцуулахгүй гэсэн хатуу бодлого хэрэгжих юм.
Зарим эцэг, эхчүүдийн зүгээс вакцинжуулалтад сөрөг байр суурь илэрхийлж буй нь санаа зовох асуудал болоод байна. Харамсалтай нь, вакцин хэрэггүй гэх хандлага улам бүр газар авч байгаа нь өнгөрсөн хугацаанд Монголчуудын нийтлэг ухамсартай байдалтай харьцуулшгүй зөрчилдөж байна. Урьд өмнө нь бид вакцин хийлгэхийн тулд хүсэж, гуйж байснаас биш, татгалзаж, үл тоомсорлож байгаагүй.
Сүүлийн үед нийгэмд өрнөж буй вакцин эсэргүүцэх үзэл санаа гадаад нөлөөтэй байж болзошгүй. ОХУ, Украйны дайн эхэлснээс хойш энэ төрлийн хандлага улам эрчимжиж, тодорхой бүлгүүд вакциныг эсэргүүцэх үзлийг зохион байгуулалттайгаар түгээж эхэлсэн талаар судлаачид анхааруулж байна.
Энэ мэт чимээгүй нөлөөллүүд улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг эрх бүхий байгууллагууд ч анхаарч, шалгалт явуулж эхлээд байна. Вакцин эсэргүүцэгчдээс гадна уул уурхайн эсрэг бүлэглэлүүд, уран олборлолтыг эсэргүүцэгчид, гадаадын бодлогоор зохион байгуулагдсан мэт үзэл суртал түгээдэг хүмүүс ч ил тод болсон.
Эдгээр үйлдлүүд нь үндсэндээ төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдохуйц хэмжээний зохион байгуулалттай тэмцэл болон хувирч байгаа нь нийгэмд ихээхэн түгшүүр төрүүлж байна. Бодит байдал дээр монголчууд бид бусдын хүүхдийг бодоод, бусдын газар нутгийг хайрлаад тэмцдэггүй ард түмэн. Тиймээс иймэрхүү “бусдын төлөө” тэмцэл нэрийн доор үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн ард санхүүжилттэй бүлэглэл, гаднын чиглэлтэй хөдөлгөөн байж болзошгүй.
Иймд төр, хууль хяналтын байгууллагууд өөрийн үүргийн хүрээнд асуудлыг илрүүлж, тодорхой арга хэмжээ авч ажиллах нь зайлшгүй.
Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан, хүний дархлааны системийг идэвхжүүлж, халдварт өвчнөөс сэргийлэх зориулалттай био бэлдмэл. Энэ нь өвчин тусах эрсдэлтэй үед бие махбодыг хамгаалах чадамжийг бий болгодог.
Өвчин урьдчилж хэлдэггүй учраас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцин. Иймд үлдсэн хоёр сарын хугацаанд эцэг, эхчүүд яаралтай хүүхдээ дархлаажуулах хэрэгтэй.
Харамсалтай нь, өнөөдөр Монголын нийгэмд вакцинд хамрагдаагүй хүүхдээ сургуульд оруулж чадахгүйд хүрсэн нь бидний ухамсрын доройтлыг илтгэж байна.
Олон улсын жишээг харвал, вакцин эсэргүүцдэг орнуудын тоонд ОХУ, Пакистан, Афганистан зэрэг улсууд багтдаг. Оросын хувьд төрийн бодлогыг үл итгэх хандлага, социализмын үеийн туршилт, худал мэдээлэлд автагдсан байдал нь иргэдийн дунд вакцинд хандсан үл итгэлцлийг бий болгосон. Цар тахлын үед ч энэ нь маш тод илэрч, вакцин хийлгээгүйгээс үүдэн ОХУ-д нэг сая гаруй хүн амиа алдсан байна.
Пакистан, Афганистанд мөн вакциныг эсэргүүцэх үзэл газар авч, зарим тохиолдолд дархлаажуулалтын ажилтнууд аюулд өртөж байсан тохиолдол гарчээ.
Монгол Улс ч энэ зам руу хальтирч орохгүй гэх баталгаа байхгүй байна. Учир нь нийгэмд боловсролгүй, мэдээлэлгүй масс амархан төөрөлдөж, хэн нэгний ашиг сонирхолд автаж, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээд байна.
1990-ээд оны шилжилтийн үеэр боловсролоос хоцорсон нэг үеийнхэн өнөөдөр нийгмийн сөрөг үзэгдэлд голлох үүрэг гүйцэтгэж, мөнгөний төлөө бүхнийг хийхэд бэлэн болсон нь тодорхой харагдаж байна. Энэ “харанхуй үеийн” сүүдрийг нийгмээс арилгахын тулд бид олон нийтэд мэдээлэл түгээж, тэднийг гэгээрүүлэх шаардлагатай.
Гэсэн ч зөвхөн гэгээрүүлэхээр зогсохгүй, зохион байгуулалттайгаар төрийн бодлогыг эсэргүүцэж буй хүмүүст хуулийн арга хэмжээ авах нь зайлшгүй юм.
Төрийн захиргааны бодлогын хүрээнд вакцинд хамрагдаагүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх шийдвэр нь зөвхөн нэг алхам бөгөөд үүнтэй адилаар бусад төрлийн зохион байгуулалттай эсэргүүцлийг ч хяналтдаа авах нь зүйтэй.