Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж, эрчим хүчний салбарт үүсээд буй тасалдал, доголдлын асуудлыг хэлэлцэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тодорхой хугацаатай зорилт оноов.
Ерөнхий сайд 100 хоногийн дотор бодит шийдэл гаргах даалгавар өгчээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын мэдээлснээр, эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар сайд Б.Чойжилсүрэнд тодорхой чиглэл өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ:
“Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарт үүсээд буй догдлолтой нөхцөл байдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх, шийдэл гаргах чиглэл өгсөн.
Энэ асуудал өнөөдөр гэнэтхэн бий болоогүй, олон жил ужгирсан. Олон жил асуудлаа шийдэхгүй ажлаа гацааж, бие биеэ хардаж, улс төржиж эрчим хүчний салбарын томоохон төслөө хэрэгжүүлээгүйн үр дагавар өнөөдөр илэрч байна. Тиймээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тодорхой шийдэл гаргана.
Сүүлийн жилүүдэд цахилгаан станцууд баригдаж байна. Гэхдээ энэ өвөл хүйтрээд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Олон жил яригдсан ДЦС-4-ийн өргөтгөл, ДЦС-5 эрт эхэлчихсэн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан.
Өнөөдрийн тасалдал доголдлыг Б.Чойжилсүрэн сайдтай холбох нь учир дутагдалтай. Гэхдээ Эрчим хүчний сайд богино хугацаанд үр дүн гаргах үүрэг авсан” гэв.
“Олон жил шийдээгүй асуудлын шалтгаан өнөөдөр илэрч байна”
Төрийн зүгээс үзэж буйгаар эрчим хүчний өнөөгийн хүндрэл нь богино хугацааны алдаа бус, олон жил хуримтлагдсан, шийдэлгүй явж ирсэн төслүүдийн үр дагавар гэж тодорхойлж байна. Удаан хугацаанд улс төржилт, хардах байдал, шийдвэр гаргах түвшний гацаанаас шалтгаалан гол төслүүдээ хөдөлгөхгүй ирсэн нь энэ өвлийн хүндрэлтэй нөхцөл байдлын суурь болсон гэж тайлбарлав.
ДЦС-4-ийн өргөтгөл болон ДЦС-5-ын бүтээн байгуулалт эрт эхэлсэн бол өнөөгийн хэмжээний эрсдэл, тасалдал үүсэхгүй байх боломжтой байсан талаар онцолсон юм. Гэсэн ч одоогийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн зөвхөн одоогийн сайдтай холбож буруутгах нь шударга биш гэдгийг мөн тодотгосон байна.
Богино хугацаанд үр дүн гаргах шахалттай ажиллана
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 100 хоногийн дотор салбарт үүссэн доголдлыг намжаах, бодит шийдэл, гарах гарцыг тодорхой болгож, үр дүн гаргах улс төрийн өндөр шахалттай үүрэг хүлээлээ. Энэ хугацаанд салбарын бүтцийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын гацаа, төслүүдийн хэрэгжилтийн асуудлыг бодитоор хөдөлгөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн гэж Засгийн газар үзэж байна.
Салбарын асуудал нь ганц өвөл, ганц сайдаар хязгаарлагдахгүй, олон жилийн бодлогын үр нөлөө учраас ирэх 100 хоногт гаргах шийдвэр, төслүүдийн явц, эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх алхмуудыг олон нийт анхааралтай ажиглах нь тодорхой байна.






Хурдан шийдэл хэрэгтэй асуудал шүү