Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Гишүүдийн зүгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад бэлэн болоод байгаа энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёс зүйн үүднээс өөрийн оролцоог түдгэлзүүлэх саналаа илэрхийллээ.
Тэрбээр: “Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад Ерөнхий сайд өөрөө оролцох нь зохисгүй гэж үзэж байна. Энэ бол ёс зүйн асуудал. Хэрхэхийг Монголын парламент өөрөө шийдтүгэй. Тиймээс байнгын хорооны ирцээс намайг хасаж өгнө үү” хэмээн мэдэгдсэн юм.
Түүний гаргасан энэхүү алхам нь шийдвэр гаргах үйл явцад хувь хүн ёс зүйн хэм хэмжээ баримтлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй хэрэг бөгөөд цаашид УИХ хэрхэн шийдвэр гаргах нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.