Айлчлалын хүрээнд стратегийн түншлэл шинэ шатанд гарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалаа амжилттайгаар өндөрлөв. Түүнийг Шинэ Дели хотын “Палам” олон улсын нисэх онгоцны буудлаас Энэтхэгийн Иргэний нисэх, хамтын ажиллагааны яамны төрийн сайд Мурлидхар Мохор болон Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар үдэж мордуулсан байна.
Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцээ хийжээ.
Хэлэлцээний дүнгээр хоёр тал “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, худалдаа, эдийн засаг, боловсрол, батлан хамгаалах зэрэг салбарт шинэ түвшний хамтын ажиллагаа эхлүүлэхээр тохиролцсон байна.
Төрийн айлчлалаар гарын үсэг зурсан гол баримт бичгүүд
Айлчлалын үеэр дараах чухал чиглэлүүдийг баталгаажуулж, 10 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ.
- Худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хугацаанд нь дуусгахоо нотлох
- Улаанбаатар–Дели, Улаанбаатар–Амрицар чиглэлд шууд нислэг эхлүүлэх
- “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс нэгдэн орох
- Хил хамгаалах болон Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх
- “Тэрбум мод” болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх
- Англи хэл болон мэдээллийн технологийн чиглэлээр 2000 орчим мэргэжилтэн бэлтгэх
- Энэтхэгийн тал Монголын иргэдэд цахим визийг үнэ төлбөргүй олгох
Соёл, хүмүүнлэгийн харилцаанд шинэ хуудсыг нээлээ
Айлчлалын хүрээнд хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Шинэ Дели хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулсан. Мөн морин хуур, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, монгол соёлыг Энэтхэгийн ард түмэнд сурталчилжээ.
Ерөнхий сайд Нарендра Моди тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авчээ.
Энэхүү төрийн айлчлал нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр орны найрамдал, итгэлцлийг бэхжүүлэх түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон гэж талууд дүгнэсэн байна.





