Төрийн ордонд гарын үсэг зурах ёслол болов
“Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ёслолын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар зарлигт гарын үсэг зурсан юм.
Зарлиг ямар зорилт, бодлогыг Засгийн газарт чиглүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр, “Монгол Улсад Тэжээхүй ухааны дэг сургууль байгуулагдаж, Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 345 жилийн ойг тохиолдуулан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлигийг гаргаж байна” гээд, уг зарлигийн хүрээнд уламжлалт анагаахын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгож буйг хэллээ.
Түүхэн үндэс, ЮНЕСКО-гийн бүртгэлийн ач холбогдлыг онцлов
Түүнчлэн Ерөнхийлөгч Монголын уламжлалт анагаах ухаан 5,000 гаруй жилийн тэртээ үүсэж хөгжсөн гэдгийг дурдан, Эзэн Богд Чингис хааны алтан ургийн Ламын гэгээн, оточ Лувсанданзанжанцан 1681 онд тэжээхүй ухааны эмч, маарамба бэлтгэх анхны дэг сургуулийг байгуулж, сургалтын болон эмчилгээний гарын авлага туурвисныг тэмдэглэв. Мөн тус анагаах ухааны сурах бичиг, гарын авлага болох “Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн бичиг”-ийг 2025 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамжийн өв”-ийн жагсаалтад бүртгэн баталгаажуулсан нь уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинаа сурталчлан таниулсан үйл хэрэг болсон гэж онцоллоо.
Шавь сургалт, хүний нөөц, хамтын ажиллагааг чухалчлав
Ерөнхийлөгч зарлигийн дагуу цаашид авьяас билиг, ёс суртахуун, хүнлэг энэрэнгүй үзэлд суурилсан уламжлалт шавь сургалтыг сэргээн хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолж, салбарын эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалт, нэгдмэл бодлого, үйл ажиллагаа нэн чухал гэв. Мөн энэ чиглэлийн олон зуун эмч, мэргэжилтэн дэлхийн улс орнуудад, ялангуяа Польш Улсад оношилгоо эмчилгээг чанартай гүйцэтгэж, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлж байгааг дурдан, уламжлалт анагаах ухааны онол, мэдлэг, өв соёлыг судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг төрийн тэргүүн хувиар дэмжихээ илэрхийллээ.
Ёслолд салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийлэв
Ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх, Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Хүрэлбаатар, Хөдөлмөрийн баатар, доктор, профессор М.Амбага, Хүний гавьяат эмч, доктор, клиникийн профессор, Бүгд Найрамдах Польш Улсад уламжлалт эмчээр ажиллаж буй Б.Оч, Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, академич, доктор, профессор Ш.Болд нар үг хэлэв.
Салбарын өнөөгийн хүчин чадлыг танилцуулав
Одоогоор уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44,000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Үүнээс гадна 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэдэг зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ.





