“One Championship” холбооны аварга асан Бразилын тулаанч Фабрико Андраде Монголын тамирчин Б.Энх-Оргилоос бүсээ “нэхэх” тулаан хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэр энэ санаагаа sportskeeda сайтад өгсөн ярилцлагадаа онцолж, дахин тулах нь цаг хугацааны асуудал гэсэн өнгө аястай байр суурь илэрхийлсэн байна.
Андраде: “Дахин тулалдана гэдэгт итгэлтэй байна”
Андраде ярилцлагадаа ирээдүйн боломжит тулааны талаар тодорхой хэлж, өөрийн бэлтгэл, хандлага өмнөхөөсөө өөр байхыг анхааруулжээ.
“Түүнтэй дахин тулалдана гэдэгт итгэлтэй байна. Би өмнөх тулаанаасаа илүү бэлтгэлтэй оролцох болно” гэж тэр ярьсан байна.
Ингэснээр түүний хувьд Б.Энх-Оргилтой хийх дахин тулаан нь зөвхөн өрсөлдөөнөөс гадна нэр төр, карьераа сэргээх зорилготой чухал боломж гэж харагдаж байна.
Хувийн амьдрал: ОХУ-д амьдардаг, анхны хүүхдээ хүлээж байна
Тулааны тухай ярианы хажуугаар Андрадегийн хувийн амьдралтай холбоотой мэдээлэл мөн олны анхаарлыг татжээ. Тэр орос найз бүсгүйтэй бөгөөд ОХУ-д амьдардаг гэж дурдсан байна. Мөн хосууд анхны хүүхдээ хүлээж байгаагаа хоёр долоо хоногийн өмнө цахим хуудсаараа дамжуулан зарласан гэж мэдээлжээ.
Б.Энх-Оргил: Хүлээлт надад хамаагүй, дэвжээн дээр хэн ч ялж болно
Харин Б.Энх-Оргил спортын сэтгүүлч Ник Эткинстэй цахимаар хийсэн ярилцлагадаа тухайн үеийн олон нийтийн хүлээлтийн талаар өөрийн байр суурийг тодорхой илэрхийлжээ. Тэр хүмүүсийн урьдчилсан таамгийг “тулааны бодит үр дүнг тодорхойлох хүчин зүйл биш” гэж үздэгээ хэлсэн байна.
“Бүгд түүнийг ялна гэж бодож байсан байх. Гэхдээ хүмүүсийн бодол надад хамаагүй. Тулааны спортод бэлтгэгдсэн хоёр тамирчин дэвжээнд гарсан бол хэн ч ялж болно” гэж онцолжээ.






Манай тамирчин сайн тулалдсан шүү
Дахин тулалдаан болвол их сонирхолтой байх нь