Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) “ФИФА-гийн Энх тайвны шагнал – Хөл бөмбөг дэлхийг нэгтгэдэг” нэртэй шинэ шагналыг бий болгосноо албан ёсоор зарлалаа.
Энэхүү шагнал нь энх тайвны төлөө онцгой хувь нэмэр оруулж, хөл бөмбөгөөр дамжуулан хүн төрөлхтнийг нэгтгэсэн хүмүүсийг алдаршуулах зорилготой юм.
Энх тайвны төлөө хөл бөмбөгийн хүч
ФИФА-гийн мэдээлснээр, уг шагнал нь дэлхийн өнцөг булан бүрт буй таван тэрбум гаруй хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн нэрийн өмнөөс гардуулна.
Шагналд нэр дэвшигчид нь охид, хөвгүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дунд итгэл найдвар, урам зориг, баяр баясгаланг түгээж, хил хязгаар, улс төр, шашны ялгааг үл харгалзан нэгдэл, эв нэгдлийг дэмжсэн хувь хүмүүс болон байгууллагууд байх аж.
Анхны шагналыг Вашингтонд гардуулна
ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино энэхүү шагналын анхны эздэд шагналыг 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд, 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн сугалаа болох үеэр АНУ-ын Вашингтон хотод гардуулахаа мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ:
“Улам бүр тогтворгүй, хуваагдмал болж буй дэлхий ертөнцөд мөргөлдөөнийг зогсоож, хүмүүсийг энх тайвны мөн чанараар нэгтгэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж буй хүмүүсийн онцгой хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх нь туйлын чухал. Хөл бөмбөг бол энх тайвныг бэлгэддэг бөгөөд энэ шагнал нь хүн төрөлхтнийг нэгтгэж, ирээдүй хойч үеийнхэнд итгэл найдвар бэлэглэж буй хүмүүсийн хүчин чармайлтыг үнэлэх болно.”
Дэлхийн хөл бөмбөгийн шинэ уламжлал
ФИФА энэхүү шагналыг жил бүр олгох бөгөөд түүгээр дамжуулан спортын хүчээр нийгмийн эв нэгдлийг дэмжих, энх тайвны үнэт зүйлсийг түгээх зорилготой хэмээн мэдэгджээ.





