Засгийн газар ОХУ, БНХАУ-тай хамтран шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлжээ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 — Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийж, АИ-92 автобензиний хомсдол бүрэн шийдэгдэж, нийлүүлэлт хэвийн түвшинд хүрсэн гэж мэдэгдлээ.
Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх ОХУ-ын дэмжлэг
Сайд Г.Дамдинням хэлэхдээ:
“Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн пүрэв, баасан гарагт ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй холбогдож, шатахууны нийлүүлэлтийн талаар тодорхой дэмжлэг хүссэн. Үүний үр дүнд ОХУ-ын талаас нийлүүлэх хэмжээ нэмэгдсэн” хэмээн онцоллоо.
Тэрээр мөн өнөө орой 22:00 цагийн үед ОХУ-аас 110 цистерн буюу 6600 тонн бензин Монгол Улсад орж ирэхээр байгааг мэдээлэв. Энэ нь өмнөх өдрийн нийлүүлэлтээс даруй гурван дахин их хэмжээ юм.
Өчигдөр болсон ОХУ-ын Эрчим хүчний яамны дэд сайд болон Оросын шатахуун нийлүүлэгч компаниудын удирдлагуудтай хийсэн теле хуралдааны үр дүнд тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Хоёр улсын хамтарсан удирдлагын баг байгуулагдана
Ирэх баасан гарагт дахин теле уулзалт зохион байгуулж, Монгол, Оросын тал хамтран ажиллах байнгын ажиллагаатай шуурхай удирдлагын баг байгуулахаар тохирсон байна.
Мөн БНХАУ-ын талаас 15,500 тонн АИ-92 автобензин нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Хөх хотоос эхний 2,500 тонн бензин, 2,500 тонн дизель түлш ачигдсан талаар БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуан мэдээлжээ.
Шатахууны нөөц нэмэгдүүлэх шаардлагатай
Сайд Г.Дамдинням хэлэхдээ,
“Манай улс одоогоор нийт 440 мянган тонн шатахуун нөөцлөх хүчин чадалтай. Гэвч хомсдолын нөхцөл байдал дахин үүсэхгүй байхын тулд хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж онцоллоо.
Тэрээр мөн өнгөрсөн долоо хоногт үүссэн шатахууны хомсдолын улмаас иргэдэд хүндрэл учирсанд уучлалт хүсч, цаашид ийм нөхцөл байдал үүсгэхгүй байхаар салбарын яамнаас шуурхай ажиллаж байгааг мэдэгдлээ.





