Томуугийн дэгдэлтийн эрсдэл өндөр байгааг анхаарууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын өвлийн амралтыг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагуудтай уулзалт хийлээ. Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчний тархалт “өндөр эрсдэлтэй” түвшинд хүрэх тооцоо гарсан байна.
Энэ нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яам бага ангийн сурагчдын амралтыг хоёр долоо хоногоор урагшлуулах, эсвэл тодорхой хугацаанд танхимын сургалтыг зогсоож цахим хэлбэрт шилжүүлэх хувилбарыг дэвшүүлжээ. Харин Боловсролын яам энэхүү саналыг шууд хүлээн авах боломжгүй гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Боловсролын салбарын болгоомжлол
БШУ-ны сайд П.Наранбаяр сурагчдын амралтын хугацааг наашлуулахтай холбоотой эргэлзээгээ ийн илэрхийлэв. Түүний хэлснээр, хэрвээ арванхоёрдугаар сарын 1-нээс амралт эхэлбэл хичээл тарах, эхлэх мөчлөг нь улирлын хүйтэн үе, томуугийн оргил үеэр дахин давхцаж болзошгүй байна.
Тэрээр “12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа юм” хэмээн хэлсэн нь сургалтын хугацааг дан ганц эрсдэлийн үнэлгээн дээр тулгуурлан өөрчлөхөд болгоомжтой хандах шалтгаан болж байгааг харууллаа.
Ерөнхий сайдын анхны шийдвэр: Халдвар хамгааллыг чангатгана
Талуудын танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар шууд хичээлийг амраах, эсвэл цахимд шилжүүлэхээс өмнө эхний алхам болгон халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд эрс чангатгах үүрэг өглөө. Тэрбээр энэ долоо хоногт бүх шатны байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү хариуцлагатай, эрчимтэй зохион байгуулж, хэрэв өвчлөл буурвал сурагчдын амралтыг анх төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Харин өвчлөл буурахгүй, эсрэгээр нэмэгдэх хандлагатай хэвээр байвал ирэх долоо хоногоос эхлэн сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт үе шаттайгаар бүрэн шилжүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгав.
Цахим хичээлд шилжихэд тавигдах үүрэг чиглэл
Хэрэв сургуулиуд цахим сургалтад шилжих шаардлагатай болбол сургалтын үйл явц сааталгүй үргэлжлэх, боловсролын чанар алдагдахгүй байх нь хамгийн чухал зорилт болохыг Ерөнхий сайд онцоллоо. Энэ хүрээнд Боловсролын яаманд үүрэг өгч, үүрэн холбооны оператор компаниуд болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай нягт хамтран ажиллаж, дэд бүтэц, холболтын боломжийг хангах, сурагч бүрт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийг чиглэл болгосон байна.
Иргэдийн бухимдлыг багасгаж, эмнэлгийн ачааллыг бууруулахыг сануулав
Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй. Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүл. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж сууж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-нд онцгойлон сануулъя” хэмээн онцоллоо.
Ингэснээр Засгийн газар богино хугацаанд шууд огцом шийдвэр гаргахаас илүү халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, бодит байдалд тулгуурлан шат дараатай арга хэмжээ авах стратеги баримталж буйгаа харуулж байна. Өвчлөл ямар чиглэлтэй өөрчлөгдөхөөс хамаарч, сурагчдын өвлийн амралтын хуваарь, сургалтын хэлбэр эцэслэн тодорхой болох нь тодорхой болжээ.





