Засгийн газар шинэ журам баталж хэрэгжилтийг хариуцууллаа
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчдын ар гэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ журам батлагдлаа.
Тодруулбал, “Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
Энэхүү журам хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт хариуцуулжээ.
Малчны ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно
Шинээр батлагдсан журмын дагуу гамшигт болон аюулт үзэгдэлд өртөж амь насаа алдсан малчин болон туслах малчны ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох юм.
Тусламжийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сарын хугацаагаар тооцож гаргах бөгөөд нийтдээ 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэг олгохоор тусгажээ.
Тусламжийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ
Энэхүү нэг удаагийн буцалтгүй тусламжийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр журамд заасан байна.
Ингэснээр байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчдын гэр бүлд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.





